“Дээлийг минь бүтэн ороохдоо, дэлхийг тэвэрсэн юм шиг сэтгэх гэргий минь”
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жүжигчин Т. Энэрэл маань эмэгтэй хүний амьдралын талаар, эмэгтэйчүүд зөвхөн хүүхдийн ээж, хүний хань байх гэж төрөөгүй тухай ярьлаа.
Т. Энэрэл: “Эмэгтэй хүн гэдэг бол маш гайхамшигтай. Би нөхөртөө хэлэхдээ -Дараа төрөлдөө эмэгтэй хүн болж төрөх юм бол би үнэхээр тэвчихгүй ээ гэж. Би үнэхээр тэвчихгүй. Би бүр амьдрах ч үгүй. Эмэгтэйчүүд маш сайн зовлон даадаг. Жаргаад байх тусмаа нялхраад л, илүү шаардлага өндөрсөөд л… Зовоод байх тусмаа чармайж, бүхнээ амжуулаад л, хүчирхэгжээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Би юмыг дандаа хоёр талаас нь хардаг. Хэт муу юм гэж байхгүй. Хэт сайн юм ч гэж байхгүй. Эмэгтэй хүн бүх юмны туйл сайн хүн гэж би хэлэхгүй.

Нэг бодлын бид хүүхэдтэй болоод насан туршдаа өөрийгөө үнэнчээр хайрлуулах хүнтэй болж байна гэдэг их аз. Түүнийхээ төлөөсөнд хэдэн жил хүүхдээ хөхүүлж, тээж төрүүлж, өөрийнхөө карьерийг үгүй хийх золиос шаарддаг. Гэхдээ эмэгтэй хүн амьдралыг ямар өнцгөөр харж байгаа нь их чухал юм шиг санагддаг. Манай Цэрэнболд ахын уншсан “Өршөө” гээд монолог байдаг. Түүн дээр “Дээлийг минь бүтэн ороохдоо, дэлхийг тэвэрсэн юм шиг сэтгэх гэргий минь” гэсэн хэсэг байдаг. Бодоод үз дээ. Нөхрийнхээ дээлийг бүсэлж өгч байхдаа л баярлаж, жаргаж чаддаг байх нь шүү дээ. Тэгсэн хэрнээ маш хэцүү зүйлийг давж туулаад л гарна. Нөхрийнхээ хэлсэн ганц нэгхэн, “Би өнөөдөр чадахгүй” гэх үгийг дэлхий нурсан юм шиг хүлээн авч, гуниглаж уйлаад л… Тэгэхээр сэтгэл зүйн хувьд нэг тийм таагдашгүй зүйл бидэнд байна. Би өөрийгөө ч “би нэг ийм эмэгтэй хүн” гэж хэлж чадахгүй л байна.

Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд амармаар байвал амраад, дургүй зүйлээ хийхээ болиод, хүүхдүүдээ тэврээд жаргах хэрэгтэй. Яах вэ, заавал тэрийг амжуулах ёстой гээд л эмэгтэй хүн хичээдэг. Гэхдээ завгүй байх тусмаа, шаардлага өндөрсөх тусмаа жаахан ааштай болоод байгаа юм шиг санагддаг юм. Тааваараа хүүхдүүдтэйгээ эрхлэлдээд, заваан гэртээ хэвтэж байхдаа магадгүй маш жаргалтай байдаг шүү дээ. Тийм мэдрэмжийг өөрсдөөсөө битгий харамлаж байгаасай. Галзуу алхамууд хийж байгаасай. Гэнэт “өнөөдөр ерөөсөө Богд уул руу алхъя” гэдэг ч юм уу. Тийм зүйл хийж өөрийгөө хүүхэд гэж мэдрээрэй. Заавал ээж байх гээд, хань байх гээд тэгтлээ хичээх хэрэггүй. Чи ч гэсэн амьтны нялх үр шүү. Бид бол дахин давтагдашгүй, байгалийн, бурхны, аав ээжийн төгс бүтээл. Яадаг ч байсан та нарыг хайрлах хүн хорвоогоор дүүрэн байгаа. Сэтгэлээрээ баяр баясалтай байхын тулд өөрийгөө эрхлүүлж амьдраарай. Та бүхэнд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг цор ганц өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Нэг ч эмэгтэй хүний эрх битгий зөрчигдөөсэй” гэжээ.

Эх сурвалж: Urug.mn