Uncategorized

Хүү минь эдгэpэх найдвар байгаа ч ард түмнээсээ дахин хaндив гyйна гэхээс сэтгэл минь шимшиpч байна…УНШ!!!

Ананд хүүгийн ээжтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ананд хүүгийн ээж Ц.Даваа:

  • Нэг жилийн хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэлээ. Хүнд үе их байсан биз.
  • Юуны өмнө хүүд маань тусалсан бүх монголчууддаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье.
  • Хүү маань жилийн өмнө нуруу нугалмын хавдраа эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Хагалгааны өмнөх шинжилгээгээр цусны хавдартай болох нь оношлогдсон. Өнгөрсөн хугацаанд хүү маань 6 удаагийн химийн эмчилгээ, 20 гаруй удаагийн нөхөн сэргээх эмчилгээнд орсон. Сайхан сэтгэлт монголчуудынхаа буянаар 11 см нурууны хавдраа эмчлүүлж чадсан.
  • Дөнгөж очиход БНСУ-д ажиллаж амьдардаг монголчууд маш их тусалсан. Учир нь солонгосын хоол нь хүүд маань таарахгүй байсан ч тэнд байсан монголчуудынхаа ачаар эхний 2 сарын химийн эмчилгээг маш сайхан давсан. Эргээд бодоход өнгөрсөн жилийн хугацааны 2 сард л гэртээ байсан байна.
  • Өнгөрсөн жил Ананд хүүгийн эмчилгээнд маш олон монголчууд сайхан сэтгэлийн гараа сунгасан. Зарим нь хүн бүр дуудлага худалдаа хүртэл зохион байгуулсан. Гэвч хорт давхар нь дахисан гэх мэдээг эмнэлгийн зүгээс өгсөн байна. БНСУ-д яг юу болов. Дахиад л эхлэлийнхээ цэг дээр ирсэн гэх харамсалтай мэдээ дуулгаж байна?
  • 2022 оны 1 дүгээр сард сүүлийн химийн эмчилгээ дууссан. 2 сараас эхлээд хүү маань овоо хөөрхөн сэргэж, нөхөн сэргээх эмчилгээндээ дор хаяж 6 сар явахаар төлөвлөсөн л дөө. Ингээд эхний ээлжид хүү маань дугуй жийж сурсан, дараа нь ганц хоёр алхаж эхэлсэн. Гэтэл сая 5 дугаар сарын 2-нд эмч маань цусны шинжилгээний дэлгэрэнгүй шинжилгээгээр хавдар нь дахин сэдэрсэн байгааг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд байнгын эмчийн хяналтад байсан л даа.
  • Эмчтэйгээ уулзахад дахилтын химийн эмчилгээнд 2-3 удаа орно. Хамгийн сүүлчийн арга нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орно гэх хариуг өгсөн. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа нь 150 сая вон.

-2021 оны 12 дугаар сар хүртэл 251 сая воныг эмчилгээндээ зарцуулсан байна. 2 сараас эхлэн хүүгийн биеийн байдал сайжирч, сэргэж эхлэхэд найз нөхөд маань хүртэл сар болгоны цалин дээрээсээ хэдэн төгрөг өгье, ингэж тусалъя гэдэг байлаа.

  • Хавдар нь дахисан гэх мэдээг авсны дараа эмч, эмнэлгийнхэнтэй уулзаад өнгөрсөн хугацаанд 400 гаруй сая воныг эмчилгээнд зарцууллаа. Энэ бол монголоор бол 800 гаруй сая төгрөг. Хагас тэрбум давсан мөнгө. Энэ мөнгөний талыг нь миний ард түмэн өгсөн. Талыг нь шар махтайгаа хатаж байж олсон. Жаахан ч гэсэн хөнгөлөөд өгөөч гэж гуйсан. Гэвч боломжгүй гэх хариуг өгсөн.

-Эмчээсээ бас гуйсан. 400 гаруй сая воноор эмчилгээ хийлгэлээ. Гэтэл гуравхан сарын дараа дахилт өгчихлөө, хөнгөлөх боломж байна уу гэж. Гэвч том эмнэлэг бол том л байдаг юм билээ.

  • Сүүлд цусны шинжилгээ, чөмөгний шинжилгээ гэхэд л монгол мөнгөөр 20 сая төгрөг болчихсон. Үүнийгээ байрандаа барьцаа болгож өгсөн мөнгөнөөсөө төлсөн. Samsung эмнэлэгт бид хоёр шиг л хүүхдээ эмчлүүлж байгаа аав, ээж хоёр онгоцны маань билетийг захиалж өгч “За миний дүү тайвшир. Ямартай ч арга нь олдоно” гэж аргадаад л нааш нь явууллаа.

-Үнэндээ өнгөрсөн хугацаанд асар их мөнгө зарлагдаж, эмчилгээ хийлгэсэн ч яг л жилийн өмнөх байран дээрээ буцаад ирчихлээ. Хүүгээ эмчлүүлэх жаахан ч гэсэн найдвар байгаа ч ард түмнээсээ дахин дахин хандив гуйна гэхээс ч сэтгэл минь шимширч байна. Бага зардлаар эмчлэх өөр газар хайдаг ч юмуу гэж бодох шиг…/уйлав/

  • Ямартай ч хүүгээ эмээтэй нь дүүтэй нь уулзуулъя гэсэн сэтгэлээр эх орондоо ирээд байна…
  • Өчигдөр Эх нялхсын цусны төв дээр очсон. Нэгэн дахилт өгсөн бол химийн эмчилгээнд орж, чөмөг шилжүүлэн суулгахаас өөр арга байхгүй л гэж байна.
  • Хүү маань нурууны хавдар нь эдгэрсэнд баяртай байгаа. Ганц нэг алхдаг байснаа сүүлийн үед больсон. Цусны шинжилгээ, чөмөгний шинжилгээ авахад их өвддөг. Тэр үед хүү минь надруу хараад л байсан. Үнэндээ хүний нутагт уйлах ч газар олдоггүй юм билээ. Хүүгийнхээ хажууд уйлчихвал гадарлачихна. Өрөөнөөсөө гараад уйлъя гэхэд хүү маань яах ч билээ гээд тэвчсэн.
  • Samsung эмнэлгийн зүгээс хөнгөлөлт байхгүй гэдгээ мэдэгдсэн. Химийн эмчилгээ нь дуусаад ийм богинохон хугацаанд дахилт өгсөнд хариуцлага гэж яригдахгүй л юм билээ. Гэхдээ би дотроо жаахан ч гэсэн хөнгөлөөд өгвөл дахиж зүтгээд химийн эмчилгээнд оруулчихъя гэж л бодож байлаа. Гэтэл зөвхөн чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал нь 150 сая вон. Өрөөний төлбөр бусад дагалдах зардлуудын хэд болохыг таашгүй.
  • Энэ дашрамд, хүү бид хоёрт үргэлжилж тусалж ирсэн ах эгч хоёртоо маш их баярласнаа илэрхийлье. Тэд маань бидэнтэй адилхан л хүүхдээ эмчлүүлж байгаа улс байж, онгоцны хамгийн урд талын эгнээний суудал авч өгч явуулсан.
  • Өнгөрсөн хугацаанд манай сайтад БНСУ эсвэл Турк улс руу явж эмчилгээнд явахаар боллоо гээд маш олон эцэг эхчүүд хандаж, нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээ мэдээллийг гаргаж өгсөн. БНСУ-д нэг жилийн хугацаанд Samsung эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн хүний хувьд тухайн эмнэлгийн эмчилгээний үр дүн хэр байна вэ. Эдгэрсэн хүн байна уу, эдгэрэх боломжгүй байхад нь эдгээнэ гэж авчраад бизнес хийгээд байна уу?
  • БНСУ хүний өвчнөөр бизнес хийгээд байна гэдэг яриа их байдаг байсан. Өнгөрсөн жил эмчилгээ хийлгэх гэж явахдаа энэ талаар ер бодоогүй. Очоод онош нь өөрчлөгдөөд бүтэн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн хүний хувьд хэлэхэд олны үг ортой гэж хэлмээр байна. Үнэхээр бизнес тал руугаа явчихсан. Бүтэн нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлсний дараа дахин эхэлсэн цэг дээрээ очиж байна гэдэг дээр ард түмэн дүгнэлт хийх байх. Сайн судалж байгаад л хаана эмчилгээ хийлгэх вэ, үр дүн гарах уу гэдгийг сайтар судлах л хэрэгтэй юм байна.

-Би эмнэлгийн удирдлагуудтай уулзаад өнгөрсөн хугацаанд ийм их зардлаар эмчилгээ хийлгээд ямар үр дүнд хүрэв гэдгийг асуухаар “Хавдар бол дахих эрсдэл өндөртэй шүү дээ” гэдэг л хариу өгдөг. Дахилт өгчихлөө, хариуцлага алдчихлаа гэдэг зүйлийг хэлээгүй, угаасаа хэлэхгүй нь ойлгомжтой.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд ямар ч эмнэлэг “боломжгүй” гэдэг хариуг өгдөггүй шүү монголчуудаа. Ямар нэг байдлаар найдвар өгдөг, эцэг эхчүүд түүн рүү нь зүтгэдэг. Амьд жишээ нь бид 2 байна шүү. БНСУ-ыг бүү зорь гэж хэлж байгаа юм биш. Өвчнөө сайн мэдэж байж, тухайн эмнэлгээсээ, эмчээсээ сайн асууж лавлаж, судлах хэрэгтэй. Ер нь нэлээд бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй.

  • Манай эмнэлэг дээр надтай холбогдоод ирсэн хүүхдүүд бий. Өөр эмнэлэгт ч бас байгаа. Зарим нь эмч нь эмнэлэг нь тоймтой хариу хэлэхгүй, аргаа бараад буцсан хүмүүс ч байна.
  • Үхтэл үр харам гэдэг. Хүүгээ эдгээхийн төлөө цаашаа дахиад л явна байх. Япон, Турк гээд л эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнуудад монголчууд нэлээд их эмчилгээнд явдаг. Цаашдаа яах төлөвлөгөөтэй байна вэ?
  • Түрүү жил хүүгээ хөтлөөд явах юмсан гэж боддог байлаа. Одоо бол хөөрхөн, хөөрхөн юмаа яриад хажууд л байгаасай гэж бодож байна даа.
  • БНСУ-д эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй болсон учраас өөр газруудыг судалж байна. Турк улс руу материалаа явуулаад үнийн санал сонсож үзье гэж бодож байгаа. Яг үнэндээ аргаа бараад яах учраа олохгүй л сууна.
  • Хүү минь саяхан Украин руу явсан зургийг тань харчихаад 70, 80 насалтлаа дайн үзэхгүйхэн шиг амьдарчих юмсан гэсэн. Ингэж 70, 80 наслана гэж ярьж байгаа хүүгийнхээ дэргэд би бууж өгөх ямар ч эрхгүй болчихдог юм байна. Ямартай ч эцсээ хүртэл явна.
  • Тэр холоос монголчуудынхаа амьдралыг харж л байсан. Ийм үед монголчуудыгаа дахиад туслаач ээ гэдэг үг амнаас гарч чадахгүй байгаа ч 70, 80 наслана гэж ярьж байгаа хүүдээ ээж нь ямар ч мөнгөгүй болчихлоо гэж хэлэх эрхгүй болоод байна.
  • Ядаж гурвуулаа байсан бол гэж бодохоос ч гол зурах юм. Ядаж нэг нь ажил хийгээд хүүгийнхээ эмчилгээг үргэлжлүүлэх л байсан байх. Хүүгийн маань аав өнгөрсөн жил манай хажууд байдаг бариач руу явах гэж байхад нь л хүүхдээ үүрч хүргэж өгсөн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Хүний урамд надаас хүү яаж байна гэж асуугаагүй. Ядаж хүүтэйгээ утсаар ч яриагүй. Энэ чинь сэтгэлийн л асуудал шүү дээ. Гэтэл харь элгийн хүн хүүд маань санаа зовоод л яаж байна, хөөрхөн хүү шүү гээд л. Харин эмээ нь хандив цуглуулахад чадах чинээгээрээ тусалсан.
  • Хэрвээ эмчилгээ хийлгэх боломж нь бүрдвэл охин маань донор болно. Төрсөн ах дүү нь донор болох магадлал хамгийн өндөр байдаг юм байна.
  • Монголынхоо ард түмэнд маш их баярлаж, талархаж байгаагаа дахин илэрхийлье. Өнгөрсөн жил БНСУ руу явахдаа хүүгээ хөтөлж ирээд л баяртайгаар уулзана даа гэж жил бодсон боловч чадсангүй, намайг уучлаарай. Та бүхэндээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Tovch.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!