Б.Болд: “Чи хаана хэрэгтэй вэ? Гэдгээ мэдэх ёстой юм байна лээ”
Телевизийн салбарт 15 жил ажилласан хөтлөгч Б.Болдын өөрийн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ амьдралаа босгосон түүхийг хүргэж байна. Түүнд хоолны үмх махгүй, түлэх түлээгүй, хүүхдүүдээ даарч байгааг хараад, өөртөө гутарч байсан ч зүтгэж хичээсээр одоогийн амьдралаа бүтээжээ.
Болд: “Анх би юм хөтөлж мөнгө олдгийг сайн мэдэхгүй. Эхний нэвтрүүлэгтээ зурагтаар гарч байсан чинь цагдаагийн байгууллагаас яриад ахын дүү нэг юм хөтлөөд өгөөч гэж байсан. Тэр үед цагдаагийн газар байсан учраас үүрэг гээд ойлгочихсон тэгье тэгье гээд л мөнгө авахгүй байх гэж бодсон. Тэгсэн надад 100 мянган төгрөг өгсөн юм. Мөнгө өгнө гэж бодоогүй учраас 100 мянган төгрөг авчхаад энэ хөтлөлтөөр мөнгө олж болох юм байна гээд л амьдрах аргаа олсон доо. Хөтлөгч хийе гэхээр зангиа хослол байх хэрэгтэй. Тэр үед надад ар тал нь индүүний сорив болчихсон ганц хослолоо өмсөөд л байдаг байлаа. Тайзан дээр ер арагшаагаа харахгүй, урагшаа харсаар байгаад л дуусгадаг байсан. Тэр үеийн өөртөө хослолууд өгмөөр санагддаг.

Хаана чи хэрэгтэй вэ? гэдгээ мэдэх ёстой юм шиг санагддаг. Тэнд хөгжин дэвшиж чадахаар байна уу гэдгээ богинохон хугацаанд мэдээд боломж харагдахгүй бол солих хэрэгтэй гэж боддог. Хэрвээ юмныхаа үзүүрийг бариад авчих юм бол тэрийгээ алдахгүй, тууштайгаар эцсийг нь үзэж байж үр дүнд хүрнэ. Бас дээрээс нь ажилдаа дуртай байх хэрэгтэй.
Би бол амьдарлаа юу ч үгүй байхдаа эхлүүлсэн. Манай эхнэрийн тал хэцүү, манайхан ч хэцүү. Хоёр талаасаа нэг дэр, нэг чемодантай л нийлж байсан. Тэр үед ипотекийн зээл, байр гээд урьдчилгааны ч мөнгөгүй байлаа. Дэнжийн мянгад эхнэртэйгээ айл болоод л айлын охиныг жаргаана гээд аваад суучихсан, гэрт амьдардаг байлаа. Дулаахан, маш цэвэрхэн байж чадвал монгол гэр гоё шүү дээ. Тэр үед манай хүүхэд дөнгөж суудаг болчихсон, би хөргөгчөө онгойлгосон чинь үзүүрт нь жаахан махтай жижигхэн өөх л байсан. Жоохон уучихсан байсныг ч хэлэх үү өөртөө гутраад эхнэрийнхээ хажууд уйлж байж билээ. Яалтачгүй хүүхэдтэй болоод ирэхлээр ямар нэгэн аргаар амжилтанд хүрэх ёстой гээд бодсон. Амжилт гэхээсээ илүү мөнгөтэй болох хэрэгтэй. Эхнэр маань ч залуухан болохоор бусдаас дутаахгүй амьдруулах ёстой гээд л. Тэгээд л өөрийн эрхгүй хор шар хөдөлж эхэлдэг юм болов уу даа. Нүүрс байхгүй, хүүхэд хөлдөж үхэх гээд л тэгээд л амьдралд дайрч эхэлсэн дээ.

Манай эхнэр бол маш халамжтай. Арын алба бат байна гэдэг маш чухал. Эхнэр маань жаахан бие муутай. Тэр үед дунд охин маань нэгхэн сартай байлаа. Өдөрт 300-400 мянган төгрөгний дусал тарианы эмчилгээнд ороод л хэд хэдэн удаа том хагалгаанд орж байсан. Гэхдээ эхнэр маань хэлэхдээ “Би яасан ч хүүхдүүдээ өнчрүүлэхгүй ээ, хайр нь үхэхгүй, санаа зоволтгүй, харж байгаарай хайр нь даваад л гарна” гэж хэлдэг байсан. Маш олон хүн нойр булчирхайгаар өнгөрдөг шүү дээ. Бид хоёр бол даваад л гарсан даа. Үүнийг давхад өөрийнх нь багаасаа зовлон үзсэн сэтгэлийн хүч нь өвчнөө давж гарсан юм болов уу даа гэж боддог. Эхнэрийнхээ оношийг харахад их аймар байсан.
Ер нь бол эрүүл байхад бүх юм асуудалгүй. Гол нь эрүүл байхад бүхнийг олж болно. Саяхан бид хоёр шинжилгээ өгөхөд янзын гарсан даа” гэжээ.
Эх сурвалж: Өрөг.mn
