Японы эрдэмтэд хоёр эрэгтэй хүнээс үр тогтоход ахиц дэвшил гарсныг зарлажээ.

Үргүйдлийг эмчлэх аргыг судалдаг Японы Осакагийн их сургуулийн профессор Кацүхико Хаяаши эр хулганын эсээс өндгөн эс гаргаж чадсанаа Лондон хотод болсон генетикийн шинжлэх ухааны олон улсын хурал дээр зарлажээ. Энэ нь эрэгчний XY хромосомыг эмэгчний XX хромосом болгон хувиргажээ.
Ингэснээр хоёр эрэгчний дундаас үр төл гаргах чиглэлд ахиц дэвшил гарч байгаа ажээ. Гэхдээ үүнийг нийгэм хүлээн зөвшөөрч, амьдралд хэрэгжүүлэхэд нэлээд урт хугацаа шаардлагатай гэж хөндлөнгийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Гэхдээ тулгарч буй асуудлуудыг ойрын арван жилийн хугацаанд шийдвэрлэх боломжтойг мэдэгджээ. Ингэж чадвал эсрэг болон ижил хүйстэн хосуудын үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч өнөөгийн нийгэм үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн эсэхэд эргэлзэж байгаагаа Хаяаши тайлбарласан байна.
Энэ аргыг ирээдүйд эмэгтэй нь өндгөн эс ялгаруулах чадваргүй хосуудыг эмчлэхэд ашиглах боломжтой юм байна.
Тухайлбал Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Жорж Дэйли “Хаяашигийн ажлын үр дүн нийтлэгдээгүй байгаа ч үнэхээр анхаарал татаж байна. Гэхдээ үүнийг хүн дээр хэрэгжүүлэхэд илүү хэцүү. Бид хүний нөхөн үржихүйн эс үүсэх өвөрмөц биологийг хангалттай ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа” гэж ярьсан байна.
“Ижил хүйстэн хүмүүсийн гэр бүлд ийм хэрэгцээ байгаа. Гэхдээ энэ технологи өнөөдөр бэлэн биш, хүмүүст хэрэглэх хэмжээнд хүртлээ хэр удах нь тодорхойгүй, аюулгүй, үр дүнтэй эсэх нь батлагдаагүй, судлах ойлгох зүйл их байна” гэж Калифорнийн их сургуулийн профессор Амандер Кларк ярьж байна.
“Эрдэмтэд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Хулгана дээр болж байгаа бол зарчмын хувьд хүн дээр ч хэрэглэх боломжтой. Гэхдээ үүнд маш олон бэрхшээл байгаа, тэдгээрийг даван туулахад хэр урт хугацаа орохыг би төсөөлж чадахгүй байна” гэж Хятадын Шинжлэх Ухааны Академийн профессор Хаой Ван ярьжээ.

Эх сурвалж: Ikon.mn