Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлж буй эл өдөр “Оюу Толгойн ордыг” нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах нь зүйн хэрэг билээ
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар газрын гадаргаас 1.3 км дор байрлах Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Оюу толгойн ажилтнууд, удирдлагууд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, ханган нийлүүлэгчид оролцож Оюу толгойн олборлолтыг эрчимжүүлж, дэлхийд тэргүүлэх зэсийн уурхай болоход чухал ач холбогдолтой зорилт биелж буйг тэмдэглэсэн юм. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм.
Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлж буй эл өдөр “Оюу Толгойн ордыг” нээн илрүүлсэн геологич Д.Гарамжавыг дурсах нь зүйн хэрэг билээ
Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ‘“Оюу толгой”-г дэлхий мэдэж, Гарамжавыг монголчууд хүндэтгэх цаг ирнэ” гэсэн гарчигтай нэгэн ярилцлага уншиж байв. Монголын хөдөөд алтан мэдрэмжтэй геологичид бий гэлцдэг. Тэдний нэг бол Гарамжав. Оросын геологийнхон шинжлээд орхиод гарсан газар буюу Өмнөговийн Оюу толгойд “ямар нэг юм” зайлшгүй бий гэж Гарамжав хэмээх эр дахин дахин шамдуулаагүй бол “Айвенхоу майнз” компанийнхан Монголд ажлаа үргэлжлүүлэхгүй байсан болов уу. Чингисийн хүүгийн зааж өгсөн газарт “Оюу толгой”-н гурван өрөм ажиллаж байгаа” хэмээн “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдланд хэлж байв.
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Оюу толгойн ордыг нээсэн геологич Д.Гарамжав агсны хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр долоодугаар ангиас тээсэн мөрөөдлөө 73 нас хүртлээ биелүүлж, энэ насны амьдралаа эх орныхоо эрдэс баялгийг нээх, хайх эрхэм үйлсэд зориулжээ.

Сэтгүүлч: Геологич гэх эрхэм мэргэжилтэй хэрхэн холбогдов оо? Таны мөрөөдөл нэлээд бага наснаас эхлэлтэй гэж дуулсан?
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав: Тавдугаар ангид байхад (1957 оны арванхоёрдугаар сарын 2-ны үдээс өмнө байсан байх) нэг өдөр хэл бичгийн багш маань самбар дээр сэдвийнхээ гарчгийг бичиж байтал гэнэт бичиг нь далийгаад явчхав. Тэгснээ бидэн рүү хараад “Газар хөдөлж байна. Гарцгаая, хүүхдүүд ээ” гэдэг юм байна.
Энэ үйл явдлаас хоёр жилийн дараа шинэ жилийн амралтаараа амарч байхдаа надтай ижил нэртэй, “хоолой Гарамжав” гэдэг хүний гэрээс ЗХУ-ын нэрт судлаач B.A Обручевийн бичсэн “Уулс ба хүдрийн орд газрын үүсэл” нэртэй ном уншиж байсан. Тэр номыг манай ахмад геологичдын нэг Шалоны Цэвэг гэдэг хүн 1949 онд орчуулсан байсан юм. Номын төгсгөлд “Хэрэв энэхүү номыг уншсан хүн дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн гарал үүсэл ба түүний хувиралт өөрчлөлтийн тухай геологи гэж нэрийдэх шинжлэх ухааныг сонирхвол үүнийг бусад номноос уншиж, эсвэл эрдэмтэн, геологич нараар тайлбарлуулан яриулж нарийн тодорхой мэдэж авч болохоос гадна энэхүү сонирхолтой бөгөөд хүний дур сэтгэлийг татсан шинжлэх ухаанд суралцаж, ажиллах явдалд өөрийн насыг зориулах сэтгэл төрнө биз” гэж бичсэнийг үзээд сэтгэл хөдлөн, геологич болохоор зориг шулуудаж байлаа.
Үүний дараахан “Говь-Алтайн газар хөдлөлт” гэсэн жижгэвтэр, хатуу хавтастай ном олж уншсан. Ойлгосон хэсгүүдээ дэвтэртээ бичиж тэмдэглээд л уншина. Тэр дэвтэр одоо ч бий. Тухайн үед геологийн нэр томьёо хэлээд өгчих хүн байхгүй. Газарзүйн багшийн амнаас геологитой холбогдох нэр томьёо ер унадаггүй байлаа. Ингэж явсаар аравдугаар анги төгссөн. Тэгсэн тэр жил Зүүнхараад МУИС-ийн геологийн ангийн хуваарь ирсэнгүй. Газарзүйн ангийн л хоёр хуваарь ирлээ. Тэгээд нэгийг нь би, нөгөөг нь манай ангийн нэг охин авсан. Тэгж анх хотод ирсэн дээ

Сэтгүүлч: Оюу толгойн ордыг нээсэн түүхээсээ хуваалцахгүй юу. Түүхэн үйл явдлын гэрч болсон хүний үг он цаг улирах тусам үнэ цэнэтэй болдог шүү дээ?
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав:Ж.Гүррагчаа анх сансарт нисээд ирэхдээ Монголын нутгийг хамарсан сансрын зураг авч ирсэн юм. Тэр сансрын зургийг харсан чинь Монголд өмнөд хэсэгт салхины циклон шиг нэг юм байна. Захирал М. Жамсран багш, сансрын зураг уншдаг нэг хүнтэй гурвуулаа тэрийг хамт харсан юм. Тэгсэн манай захирал багш “Ханбогдын хоёр цагираг гэдэг юм. Шүлтлэг чулуунаас тогтсон хэсэг” гэж тайлбарлаж байна. Шууд яваад үзье гэхээр намар орой болж, нэлээд хүйтэрчихсэн байсан болохоор чадаагүй. Тэгээд хавар нь буюу 1983 оны дөрөвдүгээр сарын 11-нд өнөөх газрын зургаа бариад Э.Чагнаадорж бид хоёр Ханбогдод очлоо. Хоёр долоо хоног ерөнхий тогтоцыг нь хараад ажиглалтуудаа хээрийн дэвтэртээ бичсэн. Дэвтэртээ би геологийн тогтоцыг нь зураглаад, зэсийн-порфирын илрэлийг галт уулын чулуулагт агуулагджээ гэж тодорхойлсон нь хамгийн эхний зөв дүгнэлт байсан.
Намайг очихоос өмнө, 1957 онд ЗХУ-ын геологич Ю.Я.Петрович Оюу толгой орчмын газраас дээж аваад “шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тодорхойлж, тэр орчимд хоёрдогч баяжилтын бүс үүссэн байх боломжтойг тэмдэглээд, уулын ажил хийж, 100 метр газар өрөмдөж шалгах тухай тайландаа тэмдэглэсэн байдаг. Түүнийгээ “Бор овооны зэсийн илрэл” гэж тэмдэглэсэн. Тэгээд тэр үедээ нэг их хэрэгсэлгүй орхичхож. Ер нь мартагдсан хэрэг. Тухайн үед Орост зэсийн хэрэгцээ бага ч байсан, Казахстан, Узбекистан, Армен гээд өөрийнх нь бүс нутагт зэс элбэг байсан болохоор дэд бүтэц муутай гээд манай Говийг хэрэгсээгүй байх л даа. Миний анхны дүгнэлт Ю.Я Петровичынхоос ч, хожмоо 1987-1989 онд Оюу толгойн ордыг тойруулан хийсэн 1:200 000 геологийн зураглалд тусгагдсанаас ч өөр байсан.
Сэтгүүлч: Монголын зэсийн хамгийн том хоёр орд болох Оюу толгой, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхлэлийг та тавьжээ. Монголд энэ ордууд шиг асар их хэмжээний нөөцтэй орд шинээр илрэх боломж бий юү? Хайгуул хийх юм сан гэж боддог газар бий юу?
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав: Монголын газар нутагт “Эрдэнэт”, Оюу толгойтой адилхан нөөцтэй зэсийн орд илрэхийг үгүйсгэхгүй. Оюу толгойн ордын ойролцоо гэхэд л хайгуул хийгээгүй газар зөндөө бий. Одоо ашиглаж байгаа нөөц бол хайгуулаар тогтоогдсон нөөцийн ердөө 20 хувь нь юм. Ойролцоогоор 1500м гүнд 80 орчим хувийн нөөц нь хөндөгдөөгүй байж байгаа.

Д.Гарамжав агсан ярилцлагынхаа төгсгөлд “Өвгөн ахынх нь дараагийн том зорилго бол Ханбогдод геопарк байгуулах ажил байгаа юм. Энэ бол миний нүд аних хүртлээ хийх зүйл” хэмээн дэлгэмэл хавтастай зузаан ном үзүүлж билээ. Тэгж хэлээд хэсэг зуур бодолхийлэн чимээгүй суухад хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Түүний мөрөөдлийг үр хүүхэд, ач зээ, хамт олон нь үргэлжлүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүснэм.

Эх сурвалж: mass.mn, itoim.mn