Таван хэлтэй , өндөр боловсролтой Д.Пагмадулам бол Хүрээний анхны сэхээтэн бүсгүй байв

Д.Пагмадуламын энэ хувцаслалтыг Европын шилдэг загварын хувцаснууд болох Coco Chanel-ийн даашинз, LV-ийн туфль, Hugo- ийн трико гэж судлаачид тайлбарладаг. Тэрээр 5 хэлтэй, өндөр боловсролтой, Хүрээний анхны сэхээтэн бүсгүй байлаа

Тэрээр нэгэн албан бус эх сурвалжийн мэдээллэснээр : “Буудуулж нас барахынхаа өмнө нүүрээ будахыг зевшөөрөл хүсч нvvрээ будсан гэдэг. Орос сургагчаас нүүр лүү минь битгий буудаач гэж гуйн бөгжөө өгсөн боловч, цаазын ажиллагаа дуусмагц орос сургагч нүүр толгойн хэсэг рүү 3 удаа буудсан гэдэг. Дотоод яамны шифрчин Гунгаа энэ тухай хожим дурсахдаа : “Хөөрхий эмэгтэй үхсэн хойноо ч хүнд муухай харагдахгүйг хvccэн боловч орос сургагчийн гайгаар талаар болсныг сэтгэлдээ тээн харуусан явсаар 1989 онд энэ тухай ярьж уйлж байжээ.” хэмээн бичсэн байдаг. Тэгэхдээ энэ хүний амьдрал хэрхэн төгссөнийг илтгэх яг тодорхой , баттай баримт байдаггүй ажээ. 

Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан хэлэхдээ : Дамдины Пагмадулам нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий байсан. Түүний намтар түүхээс ярьвал 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын Намын 11 дүгээр үүрийн гишүүн, 1924 онд Монгол Ардын намын Суртлын хэлстийн дэргэд байгуулагдсан Бүсгүйчүүдийн тасгийн анхны эрхлэгч, гишүүн. Мөн онд Монгол Ардын намын Төв хорооны Боловсрон цэнгэлдэх хүрээлэнгийн товчооны гишүүн, энэ хүрээлэнгийн номын сангийн үйл ажиллагааг хариуцаж байж. Дараа нь 1925 онд Ленинград хотын Дорно дахины хэл бичгийн сургуульд, 1926-1929 онд Герман улсад нөхөр Д.Нацагдорж болон бусад нөхдийн хамт сурсан байдаг.

Пагмадулам хуучнаар ЗХУ ,Герман улсад суралцсан, орос, герман, хятад, манж хэл мэддэг тэр үеийн боловсролтой эмэгтэйчүүдийн нэг байсан. Пагмадулам өмнө нь ноёны хүүд богтлогдож явсан болохоор энэ тэр үеийн зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн дуу хоолой нь болж тэдний хүсэл зоригийг илэрхийлэхдээ хоёр зүйлийг голлож хэлсэн нь : охид бүсгүйчүүдийн богтлох ёсыг халсан, нөгөө нь сурч боловсрох эрх чөлөө олгосон явдалд талархаж бүсгүйчүүдээ төлөөлж үг хэлсэн байдаг.
Цаашид ч олон зүйлийг хийх байсан байх, харамсалтай нь тухайн цаг үеийн улс төрийн хардлага, сэрдлэгээс болоод Пагмадулам, Нацагдорж хоёрын амьдрал эмгэнэлтэйгээр дууссан байдаг.

Ер нь тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг харахад 1922, 1923 оны үед гэр бүл болж, 1925-1929 он хүртэл Орос, Германд суралцаж байгаад ирсэн. Тэднийг Германаас ирэхэд Монголын нийгэм сайхнаар угтаж аваагүй шүү дээ. Хөрөнгөтөн орны үзэл сурталтай болсон гээд тэдэнтэй хүмүүс уулзах байтугай бараг ирэх барааг нь хараад зугтдаг байсан тухай архивын баримтад тэмдэглэсэн байдаг. Тэдэнтэй уулзвал хэрэгт холбогдоно гээд айдаг байж. Тэгээд ч 1932 онд Д.Нацагдоржийг үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү хэргээр, Д.Пагмадуламыг бас хэргийн учир баривчилсан байдаг. Нөхцөл байдал ийм хэцүү үед тэд үр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан байх. Зарим судлаач, зохиолчид Цэрэндулам гэгч эмэгтэйг тэдний хүүхэд гэж үздэг.

Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт эрэгтэй, эмэгтэй, лам, харгүй хэлмэгдүүлсэн . Үүний тод жишээ нь, Пагмадуламыг хэлмэгдүүлсэн явдал юм.

2012 оноос Пагмадуламын талаар судлах явцад түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг тогтоож, цаашид цагаатгуулах талаар санаа тавьж эхэлсэн юм. Тэгээд 2015 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Д.Пагмадуламын үр хүүхэд, хамаатан садангийн мэдээлэл архивын хүн амын тооллогоор нотлогдоогүй учир комиссын нэрийн өмнөөс Д.Пагмадуламыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг нэг удаагийн нөхөн олговорт хамаатуулалгүйгээр зөвхөн түүнийг цагаатггуулж, нэр төрийг сэргээж өгөх хүсэлт гаргасан юм.

Пагмадуламын амьдралын түүх учир битүүлэг л дээ. Хүн ер нь нууцлаг буюу далдын юмны учир олох гэж сонирхдог шүү дээ. Тэгэхээр нэг талаас түүний бүдэг намтрыг тодруулах санаа бол Герман, Франц улсад суралцсан монгол сурагчдын тухай судлах үед урган гарсан юм. Хүмүүсийн дунд Пагмадуламын тухай элдэв яриа байдаг шүү дээ, та нар ч гэсэн түүнийг хятад хүнтэй сууж хар тамхинд орсон, ааш зан муутай, садар самуун явсан гэх зэргээр нийгэмд сөрөг ойлголт байдаг талаар аман яриа, мэр сэр бичсэн зүйлийг уншиж, сонссон байх. Түүнтэй цуг Германд суралцсан Б.Содном, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нар болон Бямбын Ринчин гуайн дурсамж тэмдэглэлд Пагмадуламыг монгол бичиг, гадаад хэл сайн мэддэг, зан ааш эеэлдэг, хурдан шаламгай, тэр үеийн эмэгтэйчүүдийн дотроос гоц хэдийн нэгэн байсан талаар бичсэн байдаг. Түүнийг намын гишүүнээс хөөхдөө аль муу үгээр булсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг тэр үеийн намын үзэл сурталд нийцэхгүй байгаа хүнийг сайнаар тодорхойлохгүй нь лавтай биз. Эдгээр хамт суралцсан нөхдийн тодорхойлолтоос Пагмадуламыг ямар ааш зантай эмэгтэй байсныг ойлгож болох юм. Бидэнд үүнээс илүү үнэнд ойр баримт олдохгүй байх. Эцэст нь хэлэхэд Монголд ирсээр тэд хоёулаа байхын жаргал үзээгүй .Тэр үеийн улс төрийн самуун олон хүнд сэтгэлийн хагацал гуниг үүрүүлсэн, олон ч сайхан хүн эрдэнийг үгүй хийсэн байдаг. Ямар олон сэтгэл өнчирч шимширсэн бол доо. Энэ бол Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдсэн түүхэн сургамж юм.

Эх сурвалж: Enkhbat Daajin , “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.