У.Цэвэгсүрэн японд монгол гэр барин, мал маллаж гурван жил амьдарчээ
Түүнийг У.Цэвэгсүрэн гэдэг. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат. Одоо 31 настай залуу ажээ. Тэрээр анх 2013 онд Японд сүм хийдийн засвар, дизайны чиглэлээр суралцаж, мэргэших зорилгоор очсон ба “Мияа дайкү” мэргэжлээр “Ikui kenchikui” гэх компанид дадлагажигч хийж байжээ. Дөнгөж 20 гарсан залуу харийн нутагт эх нутгаа санаад, хавь ойрд ойрхон Монгол хүн байхгүй, ярилцах ч хүн цөөн. Тэгтэл түүний очсон компанид музейгээс дурсгаж байсан монгол гэр байсан байна . Тэр нь жаахан салхи шуурганд гандчихсан байсныг засаж янзлаад барьж амьдаржээ.
У.Цэвэгсүрэн: “Гэрээ бариад байж байтал захирал багш маань намайг нутгаа санаад байгааг гадарласан уу яасан “манайд нэг ямаа байгаа чи авах уу” гэхээр нь тариалангийн талбайг нь түрээслээд ямаагаа бэлчээдэг болсон. Өнөөх ямаа ирэхдээ хээлтэй ирж таараад ишиглээд ам бүл олуулаа болсон доо. Энэ нь ч надад их дэм болсон. Тухайн үед нутгаа санасан монголчуудаас гадна монгол ахуйг сонирхсон Япон иргэд үе үе ирдэг. Нэг удаа хоёр Өвөр Монгол иргэн манайд ирье гэж гуйгаад ирж байсан юм.
Ирсэн хүмүүст нь Монгол гэрийн бүтэц, угсарч барьдаг учраас газар хөдлөлтөд маш тэсвэртэй гэх талаас нь сурталчилж л байсан. Манай монгол гэр чинь эсгий гэр гэж явдаг шүү дээ. Тэгэхээр гадаадад ялангуяа Японд эсгий туурга, бүрээс бол жаахан хэцүү. Хөгцрөх аюултай. Энэ ч утгаараа ус чийг, нар салхинд тэсвэртэй материалаар бүрээс туурга хийх л жаахан хүндрэлтэй байсан даа.
Одоо миний хувьд тавилгын чиглэлээр хувиараа бизнес эрхлээд л явж байна. Өмнө нь Онцгой байдлын албанд ажилладаг байсан. Цаашдын зорилго бол Монгол Улсдаа номер нэг модны үйлдвэртэй болно гэсэн том зорилго тавьчхаад ажиллаж байна даа.” гэжээ.
Эх сурвалж: Isee.mn


