“Хилийн заставын Хар нүдэн бүсгүй” дууны эзэн Х.Эгиймаа
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууны эзэн Х.Эгиймаа нь цэргийн хүнтэй гэрлэж Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт байхад нь яруу найргийн хатан тэнгэр гэгддэг Ш.Дулмаа гуай хараад шүлэг бичиж, тэр нь дуу болсон түүхтэй. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын энэхүү сайхан бүсгүйн үзэсгэлэнт царай төрхийг харахаар суманд нь зуны ажлаар очсон залуус араас нь гүйлддэг байсан гэнэ лээ. Одоогийнх шиг элдэв засвар хагалгаа, нүүр будалтгүйгээр жинхэнэ байгалийн гоо, нандин төрхтэй бүсгүй ажээ. Ёстой л дууных нь үг болох “Хилийн заставын хар нүдэн бүсгүй , Хээр талын хээнцэр сарнай , Хэний ч хүүгийн хайрыг булаасан , Хээнцэр соёолсон ганган сарнай” байжээ

Тэрбээр залуу насаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт Заставын дарга, нөхөр Д.Энхжаргалын хамт элээжээ. Яруу найрагч Ш.Дулмаа эрхэм дурсамжаа бичихдээ: “Сулинхээрийн заставт очиж хонож байхад бидэнд Офицeрын гэргий гээд нэг хар нүдтэй, хөөрхөн охин хоол хийж өгч байлаа. Шувуу ч нисэхгүй энэхүү зэлүүд газар нөхрийгөө дагаад явж байдаг гэсэн бодол төрж байлаа. Маргааш өглөө нь эртээ босоод алхаж явтал…”Зүүдэнд гийх саран байгаарай , Зүрхэнд гэрэлтэх наран байгаасай гэсэн хоёр мөр орж ирсэн юм” хэмээжээ

Тэрээр дүү нь мөн дурсан бичихдээ: “Миний сайхан эгч Хүрэнбандийн Эгиймаа гэж хүн бий. Хилийн цэргийн хар нүдэн бүсгүй дууны эзэн юмшүүдээ. Насаараа нөхрөө дагаж хил дээр амьдарсан хүн. Эмч , Тогооч , Багш гээд л хийгээгүй зүйлгүй дээ” хэмээн дурсаж ээ.

