“Манай аав намайг бага байхад байнга царай муутай гэж хэлдэг байсан учраас өөрийгөө толинд харах маш дургүй болчихсон”

ТОМОКО-г Монголчууд хэдийнээ мэддэг болжээ. Түүнийг Томоко Ибүкүро гэдэг. Тэр Монголд ирээд 20 гаруй жил болж байна. Анх 1996 онд ирсэн ч 1999 оноос хойш тогтмол амьдарч байгаа ажээ. Түүний нөхөр Монгол хүн, түүний охин бас Монголын иргэн, Монгол хүн юм. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Тэр нэгэн удаа хэлэхдээ: “Хэрэглэгч нар минь бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог.” гэж хэлж байсан удаатай.

Михачи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро: “Зөгийн аж ахуй бол миний хобби, хоббигоо ажил болгосон. Мөн завтай үедээ хоол хийх дуртай. Манай аав намайг багад царай муутай гэж байнга хэлдэг байсан учраас өөрийгөө толинд харах маш дургүй болчихсон. Тийм болохоор толинд өөрийнхөө царайг хардаггүй эсвэл толинд хардаггүй болохоор нүүрээ арчилдаггүй ч юм уу тийм охин байлаа.

Манай аав дээрээ хоёр ахтай, айлын бага хүүхэд. Харин өөрөө хоёр охинтой. Тийм болохоор охидоо яаж өсгөхөө мэдэхгүй, охид маань цаашдаа яаж амьдрах бол гэж санаа нь их зовдог байсан байх. Дотроо миний охид сургууль соёл төгсөөд биеэ дааж амьдраасай гэж бодсондоо чи царай муутай болохоор хичээлдээ шамдаж, онц сурах хэрэгтэй гэж ойлгуулах арга нь тэр байжээ гэж боддог.

Тэр үеэс л би аймаар царай муутай гэсэн бодол толгойд суучихсан. Дунд сургуулиа төгсөхөд олон хүн арьс арчилгааны иж бүрдэл бэлэглэж байсан ч алийг нь ч би хэрэглээгүй. Васедагийн их сургуульд ороод манай ангийнхан гэж хичээлдээ шамдсан царай муутай хүүхдүүд байна байх гэж бодсон чинь, хачин царайлаг хүүхдүүд ороод ирсэн.

Манай ангийн охид бүгд хичээлийн бус цагаар цагийн ажил хийнэ. Манай ангийнхан авсан цалингаараа гоо сайхны бүтээгдэхүүн их авна. Харин би тийм юм огт авахгүй. Манай найзууд аргаа бараад гоо сайхны бүтээгдэхүүн авахад нь бэлэглэсэн сэмплээ надад өгдөг байсан (инээв)

Тэр үеийн Япон охид минимал хэрэглээтэй байсан ч суурь арьс арчилгаандаа их анхаардаг, нүүрээ даруухан буддаг байсан. Тухайн үеийн Японд арьс арчилгааны талаар сэтгүүлүүд дээр олон мэдээлэл байдаг байсан ч би бараг нэгийг нь ч сонирхож уншиж байгаагүй.

Сүүлийн үед бизнесээ танилцуулах шаардлагаар ТВ, олон нийтийн сүлжээний контентод оролцох шаардлага тулгарч эхэлсэн. Ингээд ТВ асаагаад өөрийгөө хартал өөрөөсөө цочсон. Би чинь ийм царайтай байсан бил үү гэж бодсон. Тэр үед манай найз Нара арьсаа арчил гэж Beauty Japan
Cosmetics-ийг санал болгосон.

Анх BJC дээр очин, арьс оношилгооны аппаратанд үзүүлж, арьс маань их цангасан, хуурай байгааг олж мэдсэн. Толинд харж чаддаггүй байснаас үүнийгээ ч мэдэхгүй явж гэж боддог. BJC ийн гоо сайхны зөвлөх миний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг санал болгосон. Сонгож хэрэглээд 6 сар болж байна. Өмнө нь би нүүрээ ч угаадаггүй байсан.

Арьсандаа анхаарч эхэлснээс хойш энэ бол хувь хүн өөрийгөө хэр хэмжээнд хайрлах вэ гэсэн өөртөө хандах хандлага юм байна гэдгийг мэдэрсэн. Бусад хүмүүс ч бас над шиг өөрийгөө хайрлаж сураасай гэж хүсэж байна.” гэсэн юм.

Тэр мөн өмнө нэг удаа ярилцлагандаа хэлэхдээ: “Хүн чинь анхны хайртай хүнээ мартдаггүй, тэр хүнээ муугаар боддогүй дээ. Яг тэрэн шиг миний анх удаан хугацаар ирж амьдарч байсан, намайг олон зүйлээрээ татсан, таалагдсан орон бол Монгол орон . Өөрөөр хэлбэл миний анхны хайртай орон” хэмээжээ.

Эх сурвалж: beautyjapan.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.