
Н.Мөнхнасан: “Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй”
Сүүлийн үед 10-р Богдын талаар цахим орчинд зарлагдсанд олон хүмүүс өөрсдийн өнцгөөр сайн муугаар хэлж байгаа билээ. Үүнд сэтгэл нь зовнисон 10-р Богдын ээж болох Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсандаа санаа бодлоо илэрхийлжээ.
Н.Мөнхнасан: “Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч дансаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа.
Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна.
Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь бидний үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм” гэжээ.


