
Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумд 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Д.Мөнгөнтуяа гэх охин сураггүй алга болж, эрэн сурвалжилж байсан билээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар А гэх эрэгтэй амь насыг нь хохироож, цогсцыг 20 км-ийн зайд нуусан байсныг олж тогтоожээ.
Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ.
Хэргийн холбогдогч А нь тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
