2500 гаруй хүүхэд эх барьсан Ш.Цэрэнпүрэвийн амьдрал

Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Ш.Цэрэнпүрэв гэх хүн 1971 онд Говь-Алтай аймагт шинээр байгуулагдсан Анагаах ухааны дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг болж эх баригч бага эмч мэргэжил эзэмшсэн. Тэрээр анхны томилолтоор Нөмрөг суманд очсон байна.
Арваадхан ажиллагсадтай сумын эмнэлэгт залуу эмч Ш.Цэрэнпүрэв ажилдаа орж сумын эмнэлгийн бүхий л үүрэгт нухлагдаж эхэлжээ. Өвчтөнгөө үзнэ, эм тариаг хийж өгнө. Субботник болно. Их эмчийг байхгүй үед эмнэлгийнхээ ажил, амьдралыг зохицуулна. Бас хөдөө дуудлаганд явна. Энэ нь түүнд сурах мэдэх, мэргэжлээ дээшлүүлэх том сургууль байлаа. Хувийн амьдрал нь ч өөр болж.
Эхэндээ эмнэлгийн гал тогоо байсан жижиг байранд ганцаараа амьдарсан бол дараа нь нэг айлд сууж. Энэ хугацаандаа барилгад ажилладаг нэг залуутай танилцсан нь насны хань Балсанжавын Даваажав байлаа. Тэд удалгүй нэг орхигдох шахсан жижиг байшинг засч ороод гал голомтоо асаасан аж. Тэд гурван хүү, гурван охинтой өнөр өтгөн айл болжээ.
Сумын төв цаашлаад хөдөө дуудлаганд явахдаа эмнэлгийн сурах бичиг, лекцийн тэмдэглэлээ байнга авч явдаг байж. Мэдэхгүй чадахгүй үе тохиолдвол хичээл номоосоо лавлах гэж л тэр. Эхэн үед эхчүүд гэртээ төрөх нь элбэг байж. Үүнийг өөрчилж болж л өгвөл эмнэлэгтээ авчирч төрүүлэхийн төлөө Цэрэнпүрэв эмч туйлаас зүтгэсэн гэнэ. Нэг удаа алсын дуудлага иржээ. Нэгэн эх төрөх гэж өвдөж байна гэж “Газ-69”-өөрөө хөлөглөн эм, тариагаа базааж аваад замд гарчээ. Дүн өвөл цас ихтэй газар машин нь суучихна. Цас ухна. Жаахан явна, дахиад суучихна. Нөмрөг хангай нутаг өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрнэ. Сумын төвөөс 70 гаруй км Буга-Өндөр гэдэг газарт дуудлага өгсөн айл нь байв.
Наахна нь Ар гозгор гэдэг газар байгаа нэг хот айлд очоод цаашаа машинаар явах боломжгүйн учир Ш.Цэрэнпүрэв эмч цүнхээ аваад морь унаад ганцаар гарч өгч. Гэтэл цүнхэн дэх эм, тариа нь шаржигнах чимээнд морь нь яльгүй үргээд ухасхийхэд Цэрэнпүрэв ойччихов.
Уйлалтай ч биш. Би тангараг өргөсөн эмч хүн шүү гэж өөрийгөө зоригжуулан ойртож ирсэн нулимсаа залгиад, нөгөө айлдаа явган буцаж ирээд жолоочтойгоо хоёул мориор дахиад дуудлага өгсөн айлаа зорьжээ. Очход нь эх өвдсөн чигээрээ. Эм тариа болж хоноод маргааш нь эх амаржжээ. Тэгэхэд нэг уужуухан амьсгаа авсан даа гэж Цэрэнпүрэв эмээ дурсав.
Бас нэг удаа хөр цасан дундуур дуудлагад явахад нь жолооч нь хүрзээ мартчихаж. Хоёулаа буугаад л гараараа, хөлөөрөө цасыг зайлуулж, бас төөрч явсаар очиход өвчтөн сүрхий хүнд байсан учир аваад яаралтайхан эргэж ирж эмчилж дэргэд нь нойроо хасан хонож байж тэнхрүүлж авсан байдаг. Харин энэ явалтаараа Цэрэнпүрэв хацраа хайруулж хөлийнхөө хурууг бага шиг хөлдөөсөн дөө гэж байв.
-Өөрийг чинь анх очиход сумын эмнэлэг ямар янзтай байв даа?
-Арваадхан ажиллагсадтай. Тэд нь голдуу настайвтар хүмүүс. Эмнэлгийн байр байдал ч тийм сайнгүй юм шиг дүр төрх угтсан. Төрөх өрөө гэхэд ердөө л нэг ор, түмбүүчигтэй. Түүнийг Жамсранжав гэж өвгөжөөр хүн надад хүлээлгэн өгсөн. Тэр хүн мэргэжлийн биш ч эмнэлэгтээ төрсөн хүүхдийг эх барьж авч дадчихсан нэгэн байлаа. Тэр ажлаа надад өгөөд л тэтгэвэртээ суулаа гэсэн. Би төрөх өрөө тасалгаагаа л тохижуулахыг урьдал болгосон доо.
-Тухайн үед эм, тарианы хангамж хэр байсан бэ?
-Намайг анх очиход тааруу байсан бол сүүлдээ тун гайгүй болсон шүү. Даангүй төрөх тасгаа хамгийн цэвэр цэмцгэр байлгахыг хичээсэн. Дээрээсээ ч энэ талаар сайн анхаардаг байв.
-Сумын эмнэлэгт жилд хэдий хэрийн эх төрдөг байв?
-Дунджаар гэж ярьвал жилд 50-60 эх төрнө. Бараг л эмнэлэгт голдуу. Сүүлийн жилүүдэд 100 гаруй эх төрж байсан.
-Тэгэхлээр та бас олон хүүхэд эх барьж авсан байх нь ээ?
-Тийм л дээ. Надад байдаг тоогоор 2580-аад хүүхэд гардаж авсан байдаг юм. Бахархах юм маань энэ. Хорвоод хүн болох нялх “амьтан”-ыг гар дээрээ өргөж авна, алтан хүйг нь боож авна гэдэг эх баригч эмч хүнд л заяасан ховор алба гэдэг юм шүү дээ.
-Тэгэхлээр “Монголын үрс маш олон болтугай” гэх билгэтэй ерөөлтэй нэг эзэн та юм. Тэр эх барьж авсан олон хүүхдээс чинь сонирхуулбал олны танил хүн зөндөө л байх даа.
-Алийг хэлж барах вэ дээ. Боож авсан ижий энэ ээ тэр ээ гээд ирэгсэд олоон. Түмний танил талаас нь хэлбэл улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Д.Бат-Эрдэнэ нарын бөх байна. Нутагтаа байхад ирж золгодог нь олон л байлаа. Хүүхдийн үс авахад “боож авсан ижий” заавал очих ёсон бий.
-Та шавь олонтой юу?
-Албан ёсны биш боловч дагалдан сурч байсан хүмүүс бий. Үүнийгээ миний хувьд тийм илүү сайн ажил хийж байна гэж бодож явсангүй. Дадлагачаа дагуулаад өвчтнөө үзнэ. Дуудлаганд ч явна. Хүн төрөхөд хамт байлцуулна. Тэр бүхэн “хичээл” шүү дээ.Өөрийнхөө нэг охиныг хүртэл тэгж дадлагажуулж байлаа. Эмч болсон. Одоо Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүл мэндийн долдугаар төвд ажилладаг.
-Нэг охин чинь өөрийн чинь ажил, мэргэжлийг өвлөжээ. Бусад нь ямархуу мэргэжил эзэмшсэн бэ?
-Голдуу л эрдмийн мөр хөөсөн дөө. Тодорхой мэргэжил гэвэл бүжигчин, нягтлан бодогч бий. Нэг хүү Д.Алтанхуяг Завхан аймаг дахь Монгол Улсын Их сургуулийн салбарын захирлын ажилтай. Ер нь тус тусдаа л ажил албатай даа.
-Эмч хүний жаргалтай цаг мөч хэзээ байдаг вэ?
-Хамгийн сайхан нь гэвэл өвдөөд ёолж ядаж байсан хүн эрүүлжээд инээгээд сууж байх л юугаар сольшгүй санагддаг. Эрүүл болоод “Эмч танд баярлалаа” гэж хэлсэн үг нь хамгийн том шагнал. Тэр дотроо хорвоод мэндэлж байгаа хүний алагхан үрийг алган дээрээ тосон авч часхийн уйлах дууг сонсох шиг сайхан юм ховор шүү дээ.
-Та Нөмрөг нутагт үнэхээр нутагшжээ дээ. Тэр сумын иргэн гэж ч явдаг юм байна лээ?
-Тийм ээ. Үнэхээр сайхан нутаг. Уул ус нь тэгшхэн хангай даа. Тэлмэн, Тахилт, Хунт, Цэцэг, Цагааннуур, Долоон нуур, Цагааннуур гээд байгальдаа шигтгэсэн шүр сувд шиг олон нуур бий. Гол ус, рашаан ч элбэг.
Нөмрөгийн нуруу гэж алдартай баян уулс бий. Бас Хөдрөгийн нуруу, Их, бага хайрхан, Буга-Өндөр гээд сүрлэг дээ сүрлэг. Үнэхээр хэний ч сэтгэл хорогдом хангай. Хүмүүс нь зочломтгой нь онцлог. Дийлэнх хотгойдууд. Түүхнээ нэр нь мөнхлөгдсөн алдартнууд ч олон.
-Өөрөө Нөмрөг сумын нутгийн сайхныг ярих юм. Тэнд 33 жил ажиллаж амьдарч хөндлөн гулд зөндөө явсан болохоор газар нутгаа сайн мэднэ биз?
-Мэднэ ээ. Хаана уул даваатай, хаагуур явахад зам аятайг бас тэдний, эдний өвөлжөө, хаваржаа гээд мэддэг л байлаа. Одоо харин заримыг нь мартагнах болчихож. Нөхөр минь Баянзүрх багийн нутаг Улаанхад гэдэг газар төрсөн юм билээ. Ёстой л замын хүн бууж аядмаар нутаг. Бид амралтаараа дандаа очиж амардагсан.Тэндээс арагшаа жаахан давахад л Нөмрөгийнхөний шүтээн “Лам хад” гэж бий. Хоёр том хадан хошууны дунд оршдог тэр хад яг л залбираад сууж буй лам хүн шиг харагддаг. Нэг талдаа хэргээр ухаж гаргасан юм шиг нүхтэй тэрэнд нь мөргөлчид хадаг яндар, идээ будаагаа өргөдөг. Энэ шүтээнд залбирч байгаад хүсэл, мөрөөдлөө хэлж, аврал буян хүсдэг.
Би тэр лам хаданд жил бүр очиж мөргөдөг юм. Нутгийнхан байтугай хүмүүс ч очиж сүслэх болсон байна лээ. Тэр шүтээн хаднаас доошлоод Боомын амны харз гэж бий. Тэнд олон төрлийн рашаантай. Юм юмны тэр рашаан эмчилгээний зориулалттай юм болохоор газар газрын хүмүүс нуурын шувууд шиг л цуглардаг болсон юм даа. Анх эмч болж очоод тэндхийн бэр болж олон арван жил амьдарсан болохоор өөрийгөө Нөмрөгийн хүн гэж чанд боддог. Тэр нутагт үнэхээр дассан юм шүү би.
-Олон жил ажилласан хүнд шагнал урамшил гэж зөндөө л биз дээ?
-Шагнуулж л байсан даа. Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Тэргүүний эх баригч” цолтой. Нэг онцлог юм бол Эрүүлийг Хамгаалах Яамны Хүндэт самбарт гарч ЭХ-ын Хүндэт тэмдгээр шагнуулсан. За тэгээд Ардын Хувьсгалын болон Эрүүлийг Хамгаалахын ойн хэд хэдэн ойн медальтай. Сумын АХ-ын депутатаар 2-3 удаа сонгогдсон доо” гэжээ.

Эх сурвалж: livetv.mn