Д.Баттөмөр: Би “ТРИО” киног ээждээ зориулан хийсэн
БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадам (Jeonju international film festival)-д найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино шилдэг 30 кинонд багтаж, тус наадмын шилдгийн төлөө өрсөлдөхөөр сонгогджээ. Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээжээ. “Трио” киног эл наадмын “Дэлхий шилдэг кино” хэсэгт багтаан наадмын үеэр гурван удаа гаргахаар болсон бөгөөд мөн ирэх дөрөвдүгээр сард “Трио” киног Өмнөд Солонгост нээхээр болсон аж.
“Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санаатай бөгөөд дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл юм.

Д.Баттөмөр: “Би айлын бага, ээжийнхээ хамгийн эрх танхи, ёстой өврийн хүүхэд нь байлаа. Ээжийнхээ халамж, хайр, энхрийлэл, бүх зүйлд нь эрх танхи өссөн дөө. Иймээс уран бүтээлч хүний хувьд ээждээ зориулан кино хийж, уран бүтээлээрээ ээждээ суварга босгосон гэж бодож байгаа. Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна.

2020 оны зун ээж минь өөд болоод, намраас нь эхлэн киноныхоо зураг авалтыг хийж эхэлсэн. Тухайн үед намрынхаа зураг авалтыг хийгээд ирэхэд, цар тахал гарч, өвөл хөл хорион дундуур зургаа авсан. Хавар нь мөн баруун таван аймаг болон говийн аймгаар зураг авлаа. Өвөл нь Эгүүрийн бэлчир дээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган төвд киноны 80 хувийн зургаа хийсэн.

Ээж минь намайг уран бүтээлчийн хувьд их дэмжиж, зөвлөж, ойрын туслагч минь байсан. Мөн жаахан хөөрвөл “Барагтайхан байгаарай хүү минь” гэж дарж, аливаад жолоог минь татаж, хүүгээ дэмжих үедээ тултал дэмжиж хайрладаг хүн байсан. Би ч зан чанарын хувьд ээжтэйгээ их адил. Хүмүүст харагдахдаа л хошин урлагийн тайзнаас алиа хошин, хөгжилтэй нэгэн байдаг болохоос уг хүн минь их тайван, намуухан, их зүйлийг боддог доо. Ээж минь ч юмыг хийхдээ их сайн бодож хийж байхыг хэлдэг байсан” гэжээ.

Эх сурвалж: ergelt.mn