“Хонины ноос”-оор агаар цэвэршүүлэгч зохион бүтээсэн нь дэлхийд анхдагч технологи болжээ.

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байгаа юм. Тэгвэл хонины ноосоор агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэж буй “Airee” компанийг хамтран үүсгэн байгуулагч, гарааны бизнес эрхлэгч Z үеийн төлөөлөл М.Оюунгэрэлийн isee.mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр нүүдлийн мал аж ахуйг түшиглэн хонины ноосоор агаар цэвэршүүлэгч филтер зохион бүтээж, нийслэл хотынхоо иргэдийн амьдралд бага ч болтугай эерэг хувь нэмэр оруулж яваа нэгэн юм. Уг технологи нь өнгөрсөн сард болсон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Agripreneurship Challenge” тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлсэн байна.

-Яагаад заавал хонины ноосыг сонгож бүтээгдэхүүндээ хэрэглэсэн бэ?

-Ноолууран ороолт  эсвэл хүний үс утааг өөртөө ихээр шингээдэг. Нэг мэдэхэд л утааны үнэр шингэчихсэн байдаг шүү дээ. Энэ нь тодорхой хэмжээнд утааг шүүж өөртөө шингээж байна гэсэн үг. Тэгэхээр хажууд нь сэнс тавьчихвал илүү сайн шүүх боломжтой болох юм гэж бодсоны үндсэн дээр энэхүү санааг олж гаргасан. Хэрэв хонины ноосоор агаар цэвэршүүлэгч хийвэл Монгол орны орчин нөхцөлд хямд өртөгтэй, шинэ шийдэл болно хэмээн үзсэний улмаас энэ санааг хэрэгжүүлэхээр зориг шулуудсан юм.

Airee агаар цэвэршүүлэгчийн хяналтын самбар нь үйлдлийн есөн товчтой, хурдны дөрвөн тохиргоотой. Орчны бохирдол хэр байгаагаас шалтгаалж хурдыг тохируулж болно. Мөн “child block” товчоор бусад товчийг идэвхгүй болгосноор хүүхдүүд ямар ч товчин дээр дарсан ажиллахгүй гэсэн үг. Мөн timer on товчоор автоматаар унтарч асаах цагаа тохируулна. Sleep буюу унтлагын горимд шилжсэнээр хүн унтаж байх үед дуу бага гаргаж агаар сайн цэвэршүүлнэ гэсэн үг. Энэ мэтчилэн ихээхэн давуу талтай, олон үйлдлийн системт, орчин үеийн шинэ технологи байгаа.

Энгийн агаар цэвэршүүлэгчийн филтерийг цаасаар юмуу байгальд задрах боломжгүй синтетик материалаар хийсэн байдаг бол манай бүтээгдэхүүний хувьд байгальд ээлтэй 100 хувь дахин задардаг хонины ноосоор хийсэн хоёр давхар шүүгч гэдгээрээ онцлог давуу талтай.

-Сүүлийн үед айл бүр агаарын бохирдлоос шалтгаалан гэртээ цэвэршүүлэгч тавьдаг болсон. Тэгвэл таны бүтээсэн агаар цэвэршүүлэгч импортын бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай, онцлог вэ ?

-Агаар цэвэршүүлэгч нь айл гэрт зайлшгүй байх ёстой зүйл. Бид  дэлхийн эрүүл мэндийн байгууламжийн зөвлөсөн хэмжээнээс 50 бүр 100 дахин илүү хортой агаараар амьсгалж байна. Иргэд Засгийн газраа л зүхээд, зүгээр суугаад байж болохгүй. Бид өөрсдөө болоод үр хүүхэд маань л эрүүл мэндээрээ хохирч байгаа учир илүү хариуцлагатай байж агаараа сэлгэж, сэлбэж байх нь чухал. Гэхдээ байшин барилга, орон сууцууд стандартын дагуу чанартай сайн баригдаж агааржуулалтаа асуудалгүй зохицуулдаг болчихвол заавал тусдаа агаар цэвэршүүлэгч гээд яриад байх шаардлагагүй шүү дээ. Манай хотын барилгын чанар стандарт маш муу. Ер нь яагаад бид цэвэр агаар амьсгалах гэж хэдэн сая төгрөг төлөх ёстой юм бэ.

-Өнөөгийн орчин нөхцөлд гарааны бизнес эхлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?Тэр тусмаа залуу хүний хувьд шантрах үе байсан л байлгүй. Хэцүү зүйл юу байв?

-Монголд залуу хүн гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухааны старт апп бизнес эхлэхэд хүндрэлтэй байна. Манай улсад дэд бүтэц огт хөгжөөгүй тул лаборатори болон наад захын ашиглагдах тоног төхөөрөмжүүд байдаггүй. Тиймээс бид бүтээгдэхүүнийхээ туршилтыг хийж чадахгүй байгаа. Маш их цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Бизнес хийх орчин нөхцлийг сайжруулж, энэ мэт асуудлуудыг шийдээд өгчихвөл бидэнд өөр хүсээд эсвэл хойш суугаад байх зүйл алга. Цаашид олон улсад өөрийн гэсэн байр суурьтай компани болох зорилготой. Монгол хониныхоо ноосыг дэлхийд гаргаж үнэ цэнийг нь мэдрүүлэхийг хүсэж байна. Мөн филтерийн салбарт шинэ технологи санаачлан хэрэгжүүлж эх орныхоо нэрийг гаргахыг зорьж байгаа. Ер нь хийхээр төлөвлөж байгаа олон ажил байна даа.

Эх сурвалж: Isee.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.