“Б.Эрдэнэцогт архичин болоод үхсэн” гэж хэлүүлж аав ээжийнхээ ясыг нь өндөлзүүлэхийг хүсээгүй
Өдгөө 60 нас хүрч яваа Б. Эрдэнэцогт өмнө нь архины хамааралтай байжээ. Харин одоо тэрээр архинаас гараад сайхан амьдарч явна. Иймд та бүхэнд zuv.mn-д хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Б. Эрдэнэцогт: “Би 1960 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. 1982 онд цэрэгт яваад ирсний дараа жил аав минь хөдөө хэдэн малынхаа хойноос явж байгаад шуурганд нас бараад, ээж маань өвөл нь өвчнөөр нас барсан. Ингээд би эмээтэйгээ хоёулаа үлдсэн. Айлын ганц хүүхэд учир би эмээ дээрээ дутагдаж гачигдах зүйлгүй өссөн. Анх цэрэгт явахын өмнө 17-18 настай байхдаа найзуудтайгаа архи уудаг байлаа. Цэргээсээ халагдаж ирсний дараа нь би хань ижилтэй болоод аймгийн төв дээр ирж, барилгын газар нярав хийж яваад, 1991 онд ардчилал гарч, зах зээлийн хуулиар ажлын цомготголд орсон юм. Түүнээс хойш хот аймаг хоёрын хооронд ирж очиж байх явцдаа л архинд орж эхэлсэн дээ. Тэрнээс үүдээд эхнэр, хүүхдээсээ салж, 2000 оноос эхлэн архины гүн хамааралтай болж эхэлсэн. Гэр бүлээсээ салахад хоёр хүүхдийн минь нэг нь зургаан настай, нөгөөг нь есөн настай байсан санагдаж байна. Тэрнээс хойш би өөрөө ч үр хүүхдүүд дээрээ очихгүй, тэд ч бас ирэхгүй байсаар арван жилийг үдсэн. Тэр үеэс л яаж архинаас гарах вэ гэж бодож эхэлсэн дээ.
Та архинаас гаръя гэсэн шийдвэрээ хэзээ, хэрхэн гаргаж байв?
-Хамаатан садан, хань ижил, түших тулах хүн байхгүй учир их ганцаардсан. Мэдээж архины хамааралтай учраас траншейнд орохгүй шиг айл хэсээд л амьдарч байв. 2001 оноос хойш 2015 он хүртэл ийм байдалтай явсан. 2015 оны намар Ханын материалын ойролцоох ХНХ- ийн газарт очлоо. Очих үед тэнд хоол ундтай, өөрийн тааваараа байх боломжтой байв. Тэр үед би “Эндээс л архинаас гарах юм байна” гэж бодсон доо. Түүнээс хойш 12 сар хүртэл архи уулгүй явсан. Анхнаасаа архи уухгүй гэсэн зорилго тавиад орсон. Эхэндээ таньдаг хүнгүй, яриа хөөрөө байхгүй их л хэцүү санагддаг байсан шүү. Дараа нь он гараад эмнэлэгт хэвтсэн ч архи дарс уугаагүй. Тэр үед л архи уусан хүн харахаар сонин санагддаг болсон.
Та тэнд очсоноос хойш өмнө нь цуг уудаг байсан хүмүүстэйгээ уулзсан уу?
-Нэг удаа би тэр хэдтэйгээ уулзах гээд эмнэлэгээс чөлөө аваад очлоо. Нөгөө хэд маань өнөөх л хуучны янзаараа архи уугаад сууж байна. Тэгээд надад архи хийж өгөхөд нь би “Үгүй ээ, хөгшин нь уухгүй байгаа” гэхэд надаас “Хэдэн сар болж байна?” гэж асуухад нь би “5-6 сар болж байна” хэмээн хариулахад өнөө хэд “Өө болоо ш дээ. Нэг нь ч гэсэн архинаас гарч байвал болж байна” гэх тэр үед урам авсан. Хүн чинь урмаар тэтгэгддэг амьтан шүү дээ. Тэр л урмаар өөрийгөө зоригжуулаад цаашдаа архи уухгүй шүү гэж шийдсэн юм. Түүнээс хойш жил болоход архины шил биш өөрт хэрэгтэй зүйлстээ л анхаарах болсон доо.
Одоо та архи уухгүй хэр удаж байна?
“Аав ээж, хөгшин ижийгээ амьдад нь баярлуулж чадаагүй хүн ядаж чихийг нь хангинуулахгүй байя даа” гэж өөртөө зорилго тавиад долоон жил болж байна. Одоо архи уухгүй байгаа.
Архи уухгүй байхын тулд хүн яах ёстой юм бэ?
-“Би уухгүй” л гэсэн зорилго тавь. Цуг архи уудаг улсуудаас хөндийр, аль болох архи уудаггүй улстай нийлэх хэрэгтэй. Өмнө цуг нийлдэг байсан нь нөхдөдөө аль болох “Архи уухгүй бай” л гэж хэлдэг. Зарим нь хүлээж аваад, архи уухаа болиод ажил төрөл хийгээд сайхан л амьдарч байна.
Тантай цуг архи ууж байсан нөхдөөс одоог хүртэл архинаас гарч чадаагүй, гарах гээд хичээж байгаа хүмүүс байна уу?
-Одоо найзуудаас ханын материалын эцэст архинаас гарах гээд халамжинд байгаа, гарч чадахгүй хүмүүс байна. Нас нь бас л 40, 50 гарчихлаа. Архинаасаа гарч чадахгүйгээс болоод эхнэр хүүхэд, хань ижил дээрээ ч очиж чадахгүй хэцүү л байгаа. Гэхдээ надтай цуг байгаад архинаас гарсан хоёр гурван хүн байна. Жишээ нь, төмөр замын вокзал дээр төгөлдөр хуур тоглодог байснаа дараа нь, төв талбай дээр гитар тоглоод од болсон Б. Анх-Амгалан хүртэл надтай цуг байсан. Тэр хүртэл “Архинаас гарах юмсан” гэж их ярьдаг л байлаа. Тэгэхэд нь би түүнд хандаж, “Миний дүү залуу хүн учраас архинаас гарна. Одоо бол энэ архиар юу гэхэв. Цаг үе хэцүү болж эхэлж байгаа учир насны залуу дээрээ амьдралаа бор” гээд л хэлж байсан санагдана.
Архи ууж байх үедээ уухгүй нэгнийгээ архиар шахдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Нэг нэгнээ хар багаасаа сайн мэддэг ойр дотны найзууд бол “Архи уухгүй” гэж хэлвэл “Болж дээ. Нэг маань ч гэсэн архинаас гараг. Ёстой чи мундаг” гээд хэлдэг. Түүнд нь урамшдаг. Харин зарим нь “Нэг татчих” гээд л шахдаг. Архи уудаг улсуудыг их сэтгэл хөнгөнтэй улс гэдэг шүү дээ.
Сэтгэл хөнгөн гэдэг юу гэсэн үг юм?
-Хүмүүс хоорондоо инээж хөхрөлдөөд, хуучнаа дурсаж ярихад нь өөрөө тэр орчинд нь ороод “Ганц татчихад яах вэ дээ” гэдэг сэтгэл төрөхийг хэлдэг. Харин сэтгэлийн хаттай, биеэ барьдаг улсууд бол өөр л дөө. Тэдгээр хүмүүс ядаж л биеэ аваад явж чаддаг. Нөгөө сэтгэл хөнгөн улсууд бол “Эд нар ууж байгаа юм чинь би бас ууя” гээд алддаг. Сэтгэл хөнгөнтэй улсууд л архинд орчих гээд байдаг талтай. Архинаас гарна гэдэг аягүй хэцүү л дээ. Их тэвчээр шаардана.
Ер нь хүмүүс яагаад архинаас гарч чадахгүй байгаа юм бол? Тухайн хүнээсээ шалтгаалаад байна уу?
-Өөрөө өөрийгөө л ялж дийлж чадахгүй байгаа. Нэгэнт өөрт нь санаа байсан ч нөгөө талаараа хамаарал гэдэг зүйл их байдаг учраас хүн архинаас “Гаръя, болъё” гээд олон сар жил уухгүй явсан ч нэхэгддэг. Тэгэх үед жоохон далим гаргаад уучихна. Би гэхэд 10 жил архи уусан учраас “Ганц татчихдаг юм билүү” гэсэн бодол зөндөө төрдөг. Хүн болгоны бодол өөр учраас дандаа над шиг бодно гэж юу байхав дээ. Гол нь яаж гарах вэ гэдэг л чухал. Жишээ нь, нэг нөхөр эхнэр хүүхэд дээрээ очлоо гэхэд, эхнэр нь: “Чи ажилгүй хар ус зуслаад, дэмий тэнээд, гэрт хэвтээд, хүнээр тэжээлгээд байх юм. Одоо гэртээ ирсэн юм чинь ажил төрөл олж хийгээч” гээд л хэлэхээр нөгөө хүний уур нь хүрээд, гэрээсээ гараад архи уудаг. Нэг уугаад согтоно. Өглөө сэрээд архинаас өөр зүйл бодохгүй. Тэгээд л архинаас гарч чадахгүй байдаг. Эсрэгээрээ аав ээж бол “Ашгүй хоёр сар уухгүй. Гэртээ ХЭВТЭЖ байг” гээд ажил төрөл нэг их хийлгэдэггүй.
Харин бүр эсрэгээрээ очих газаргүй бол бас хэцүү. Би яг өөрийн биеэр туулж мэдэрсэн. Орой болоход хаана очиж, хэнийд байх вэ л гэж бодогддог. Архи уудаг хүнийг архи уудаг газар байлгана уу гэхээс өөр газар бол байлгахгүй. Тэгээд л архи уудаг газар бараадаад л хэрэлдэх үедээ хэрэлдээд, ноцолдох үедээ ноцолдоод, өвлийн хүйтнийг даваад, урин дулааны цаг болоход хаа хамаагүй газар явна. Тэгээд л архинаас гарч чадахгүй арван хэдэн жил болчихож байгаа.
Хэрэв та одоог хүртэл архинаас гараагүй бол юу хийж байх бол гэж бодож байсан уу?
-Бодолгүй яахав. Би 2015 онд архинаас гараагүй бол өдийд амьд байхгүй байх. Харин одоо архинаас гарсан байгаадаа их сэтгэл хангалуун байгаа.
