Дөрөв төрөхдөө дандаа ихэр хүүхэд төрүүлсэн 10 гишүүнтэй гэр бүл
2014 онд iToim агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсан “Дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховор заяа” нийтлэлээрээ Монголын нэгэн гэр бүлийг онцолж байжээ. Уг нийтлэлийн ачаар 10 ам бүлтэй өрх 3 өрөө шинэ байртай болсон байна. iToim редакц Дэлхийн ихрүүдийн өдөр болон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховорхон заяатай Д.Энхтөрийн гэр бүлтэй дахин уулзаж дараах ярилцлагыг авжээ.
-Дөрөв төрөхдөө дандаа ихэр хүүхэд төрүүлсэн Монголын анхны тохиолдлыг танай гэр бүл гэж байсан. Одоо хэвээрээ юу, ийм тохиолдол бүртгэгдсэн болов уу?
-Ц.Ундрах (ээж): 2009 онд гурав дахь төрөлтөөрөө дахин ихэр хүүхэд төрүүлснийхээ дараа “Ихрүүдийн холбоо”-нд бүртгүүлэхэд анхны тохиолдол гэж байсан. Дараа нь дөрөв дэх төрөлтөөрөө дахин хоёр ихэр хүүхэд төрүүлж наймуулаа болсон нь Монгол Улсын хэмжээнд мөн л анхны бөгөөд ховорхон тохиолдол болж байна гэж бүртгэж байлаа. Хэдэн жилийн өмнө телевизээр олон ихэр хүүхэд төрүүлсэн нэгэн эмэгтэйн тухай гарч байсан. Гэхдээ дараалж ихэрлээгүй юм ярьсан. Тэгэхээр манай гэр бүл шиг төрөлт ховорхон хэвээрээ л байгаа байх. /инээв/
-Та хоёр хоёулаа ихрийн удамтай гэж байсан…?
-Ц.Ундрах: Тийм. Манай хүн бид хоёр хоёулаа ихрийн удамтай. Манай авга эгч ихэр. Гэхдээ өөрөөс нь ихэр хүүхэд төрөөгүй юм. Харин бэрээс нь ихэр охин төрсөн. Бид хоёр эхний жирэмслэлт дээрээ ихэр байхад гайхаагүй. Харин хоёр, гурав, бүр дөрөв дэх төрөлтдөө дандаа ихэрлэснийг бурхнаас бидэнд өгсөн хувь тохиол гэж бодсон. Одоо ихрүүд маань бие биедээ элэгтэй, тэрсхэн сайхан өсөж торниж байна.
-Танай хүүхдүүд их том болжээ. Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ, амьдралын ямар ухаанд илүү сургаж байна вэ?
-Д.Энхтөр(аав): Гол нь зөв, хүнлэг хүн болоорой л гэж захидаг. Хүн хуурч, худлаа хэлж болохгүй. Хүнтэй зөв мэндэлж, зөв харилцаа үүсгэхийг л захина. Хийх ёстой хичээл номоо хийгээд явахыг байнга захидаг. Сурах насандаа сайн сурч, сонгосон мэргэжлийнхээ чадварыг өөртөө суулгаж, мэргэшиж чадвал насан туршийн хоолтойгоо залгана. Эцэг эхийнхээ төлөө биш өөрсдийнхөө төлөө сурч байгаа шүү гэдгийг л хүүхдүүддээ ойлгуулахыг хүсдэг. Хүүхдүүдээ бие даалгах үүднээс аль болох бүх талын сонирхлыг нь дэмждэг.
Дунд ихрүүд маань охин-банди, охин-банди шүү дээ. Хоёр бандиа биеийг нь даалгах гээд жүдогоор хичээллүүлдэг. Энэ хоёрыг дагаад есдүгээр ангийн охин гурван жилийн өмнөөс жүдогоор хичээллэж байна. Энэ охин маань саяхан олон улсын хэмжээнд оролцоод нэлээд амжилт гаргасан. Казахстаны тэмцээнээс хүрэл, Оросын тэмцээнээс алтан медаль хүртээд ирсэн шүү. Гэм нь тэмцээн гэхээр хичээл нь орхидох тал бий. Гэхдээ нэг зүйлдээ тууштай байж, амжилт гаргавал өөрт нь хэрэгтэй учраас байнга дэмжинэ.
-Том ихрүүд нь оюутан болж, араас нь дунд ихрүүд удахгүй оюутан болох нь. Хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд нэлээд чанга байна уу?
-Ц.Ундрах: Том ихрүүд СЭЗИС-д, МУИС-д суралцаж байна. Хоёулаа л өөрсдийн хүсэл сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгосон. Нэг нь нано технологи, нөгөө нь аудитор, шинжээчээр суралцаж байна. Бага байхаас нь хүүхдийн мөнгө болон бусад хүмүүсийн өгсөн мөнгөөр хуримтлал үүсгэсэн. Эхний хоёр жил хуримтлалаар нь сургалтын төлбөрийг нь төлсөн. Дараа жилээс хүүхдүүд маань тэтгэлэг авах, сургалтын зээлийн сангийн тэтгэлэгт хамрагдах зэрэг боломжуудыг судална.
-Д.Энхтөр: Нэг айлын гурван хүүхэд их дээд сургуульд сурахаар нэгийнх нь төлбөрийг төрөөс даадаг гэж сонссон. Тэгэхээр дараагийн ихрүүд их сургуульд ороход нэг нь хөнгөлөгдөх байх, тэгээд болно доо.
-Есөн жилийн өмнө танай гэр бүлийн талаар нийтэл гарсны дараа танайх шинэ байранд орж байсан шүү дээ. Тэр үеэ эргэн дурсахад та хоёрт юу бодогддог вэ?
-Ц.Ундрах: Тэр үеэ дурсан санах дуртай. Манай гэр бүлд тохиосон бас нэгэн ховорхон боломж байсан. Анх 2009 онд гурав дахь төрөлтөөрөө дахин ихэр хүүхэд төрүүлсний дараа Монголын анхны тохиолдол гэж бүртгэсэн. Тиймээс миний бие тухай үеийн төр засгийн хүмүүст хандан орон сууцанд хамруулах хүсэлтийг олон удаа тавьсан ч үр дүн гараагүй. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Цогзолмаа гуайд хүртэл хандаж байсан. Бидний хүсэлт шийдэгдэхгүй явсаар 2012 оны сонгуультай залгаад л мартагдсан байдаг. Удалгүй 2013 онд дөрөв дэх төрөлтөөрөө дараагийн ихрүүд маань гарсан. Гурав төрөхдөө дандаа ихэрлэсэн талаараа “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгч байсан бөгөөд дөрөв төрөхдөө мөн ихэрлэснээ хэлж байсан санагдана. Дараахан нь “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч байсан сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсан манай гэр бүлийн талаар 2014 онд маш сайхан нийтлэл бичсэн. Бидний тухай нийтлэл нь маш олон хүнд хүрч, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Гол нь шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэж чадсан. Тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар онцгой анхаарал хандуулсан. Сэтгүүлч Г.Отгонбаяр агсны нийтлэлээс үндэслэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр манай гэр бүлд гурван өрөө байр бэлэглэсэн. Энэ бол бидний амьдралд хэзээ ч мартагдахгүй том дэм тус болсон. Төрийн үйлчилгээний болон сувилагчийн цалингаар хэзээ ч байр авч дийлэхгүй байлаа. Харин нийтлэлийн дараа бид шинэ орон сууцанд орж, найман балчир үрээ дулаан, аюулгүй орчинд амьдруулах боломжоор хангаж өгсөн нь бидний хувьд талархмаар үйл явдал болсон. Хааяа хэрвээ Г.Отгонбаяр сэтгүүлч манай гэр бүлийн талаар ингэж бичээгүй байсан бол бидэнд ийм боломж олдохгүй байсан байх даа гэж боддог. Олон түмний анхааралд оруулахад маш том нөлөө үзүүлсэн шүү. Сэтгүүлч хүний үг ямар хүчтэй, ямар үнэ цэнийг бүтээж болдгийг бид амьдралаараа харсан.
-Д.Энхтөр: Нийтлэлийн дараа манайх удалгүй байртай болсон. Г.Отгонбаяр агсан бидний тухай нэг нийтлэл бичээд орхиогүй, байр орон сууцтай болгосны дараа ч бидний амьдрал ахуй ямар байгааг асууж, санаа тавьдаг байлаа. 2015 оны хавар сэтгүүлч Г.Отгонбаяртай хамт манай гэр бүлийнхэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэрдоржийн гэр бүлийнхэнтэй Их тэнгэрт нэг өдрийг хамт өнгөрүүлсэн. Хүүхдүүдэд минь сайхан дурсамж үлдээсэн.
Сэтгүүлч Г.Отгонбаяр агсан “Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтан зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг” гэж нийтлэлээ эхлүүлж байсныг тод санадаг. Би хүүхдүүддээ энэ ховорхон их хувь заяаныхаа эзэн нь болж, зөв хүн байхыг захьдаг даа.
Эх сурвалж: iToim.mn