“ШОНБОРОО ГӨРӨӨЧИН” ХЭМЭЭХ НЭГЭН ЭРИЙН СОНИН ТҮҮХ
“Шомбороо гөрөөчин” хэмээх нэгэн эрийн сонин түүхийг хүргэе. Энэхүү эр үхвэл үхэг гээд Хэнтийн нуруу, Минжийн хангайд цор ганцаараа хоёр сар гаруй амьдарчээ… Учир нь
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт амьдран суудаг “шомбороо гөрөөчин” хочит Г.Мягмарсүрэн гээч 58 настай ах хүүтэй TV5 Mongolia хуучилжээ. Одоогоос хоёр жилийн өмнө энэ хүн уушгины бөглөрөл хэмээх хүнд өвчинд нэрвэгджээ. Нэг уушги нь ажиллагаа байхгүй, нөгөөх нь хагас амьсгалдаг. Шөнөдөө унтаж чаддаггүй, бие нь бүхэлдээ хөлөрч, эцэж ядран бараг судас шөрмөсөө тоолох шахам туржээ.
Нэг өдөр эмч нар гэр бүлд нь танай хүнд сарын л нас үлдлээ. Ямарч арга алга гээд хэлж байхыг санаандгүй сонссон байна. Хотод амьдарч байсан “Шомбороо гөрөөчин” ер нь нутаг буцсан нь дээр, өсөж төрсөн газраа хараад үхмээр байна гэж хэлээд 12 сарын дундуур гэрээ бүхэлд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу нүүлгэжээ. Ингэхдээ эхнэр хүүхдүүдээ гэр орон бүх юмаа ачсан том машинтайгаа түрүүлж хөдөлгөөд, би араас чинь зарим юмаа ачаад явна гэж үлджээ. Гэхдээ “шомбороо” тэс өөр юм төлөвлөсөн байжээ.
Уушгины өвчинд Бадаан цэцгийн үндэс, шатар шаазгайны мах сайн гэдгийг эртнээс сонсож өссөн тэрээр эцсийн сумаа тавихаар шийдэж. Ингээд Бадаан цэцэг, шаазгай хамгийн элбэг байдаг Хангайн нуруу буюу Минжийн хангайн хүн явахын эцэсгүй ой тайгыг зорихоор сэтгэл шулууджээ. Нэгэнт үхэхээс хойш хаана ч үхсэн яахав, Минжийн хангайд очоод үхвэл тэр л биз, баавгай чонын хоол болсон ч яахав гээд хөдөлсөн гэнэ. Ингээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд байх найзындаа очиж учир байдлаа хэлээд мориор цааш зүтгэжээ.
Үхэл амьдралаа шийдэх гэж байгаа “шомбороо”-г харсан найз нь хэдэн гамбир хайрч уутанд хийгээд хамт хөдөлсөн байна. Хоёр хоног явсны эцэст хилээс 18 кмын зайд Бадаан цэцэгтэй газар ирцгээжээ. Шомбороогийн найз хамт нэг хоноод, ямар газар ирснээ сайн тэмдэглэж тогтоож аваад яг нэг сарын ирж авахаар тохироод буцжээ. Насаараа ан гөрөө хийсэн “Шомбороо” 50 сум, винтов буутай. Хэдэн уут боорцог, найзын өгсөн гамбир, хоёр хүний эвхэгддэг майхан, зузаан хөнжил гудастай үлдсэн гэнэ. 12 сарын дунд учраас цас их, хүйтэн агаар тачигнана. Бадаан гэдэг цэцэг дөрвөн улирал ногоон, том навчтай танихад амар учраас төвөггүй олжээ.
Ингээд цэцгийн үндэс цуглуулж цай чанаж ууж эхэлжээ. Царвангаас ч гашуун амттай цэцгийн үндэс уусаар, өглөө оройдоо Шатар Шаазгай агнаж идээд л байж. Ингэж амьдарсаар нэг сар 7 хоног өнгөрсөн байна. Хоол хүнс ч мууджээ. Найз нь ирэхгүй байсан тул хамаг юмаа үүрээд урд зүгийг чиглээд хөдөлсөн байна. Хоёр хоног явсны эцэст аз болж самарчид таарчээ. Ах хүү хөвчийн энэ эзэнгүй тайгын хаанаас нь гараад ирэв гээд самранд явсан залуус мэл гайхаж.
Насаараа өн гөрөө хийсэн “Шомбороо” ямар учиртай яваагаа тайлбарлаад тэдэнтэй хамт 3 хоножээ. Энэ хооронд “Шомбороо”-гийн найз очиж авах ёстой газраа тохирсон хугацаанаас 8 хоногийн дараа ирээд тэр хавиар хайж эхэлжээ. Хайж явсаар самарчидтай нийлээд явсан мөрийг нь олж дагаад л байж. Ингээд найзыгаа 4 дэх хоног дээр олж аваад хоёулаа морио унаад буцсан байна. Сонирхолтой нь турж эцсэн байдалтай, нэг сарын л настай үлдсэн найз нь таргалаж, хацар нь түнтийж бяр чадалтай болсон байгааг анзаарчээ. Хоёр найз Мөнгөнморьт суманд хоёр хоног амраад Шомбороо ч гэрийн зүг хөдөлжээ. Хэзээнээс нэг гараад явахдаа хэдэн сараар алга болдог байсан гөрөөчинг үр хүүхэд нь энд тэндэхийн уул хадаар хайгаад бөөн юм болох нь тодорхой. Шомбороо ч аав нь анд яваад ирлээ. Одоо эмнэлгээр ороод яваад очно. Санаа амар байжээ гэж хэл дуулгажээ.
Ингээд өөрийг нь хянадаг байсан эмч дээрээ очоод биеэ үзүүлэхэд эмчийн нүд ёстой орой дээрээ гарсан байна. Сарын л нас үлдсэн байсан өвчтөн нь цоо эрүүл болсон, хоёр уушги нь дөнгөж төрсөн хүүхдийнх шиг байгааг хараад эмч нь “энэ ид шид үү” гэж уулга алджээ. Хоёрхон жилийн өмнө үхэл амьдралын зааг дээр байсан “Шомбороо гөрөөчин” өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт под хийсэн адуу малтай, хааяа нэг аяга тагш юм эргүүлээд амар жимэр амьдарч байна. Одоо дахиад Минжийн тэр сайхан баян хангайг зорих сонирхол байгаа ч үр хүүхэд нь ганцаараа явж болохгүй гээд хориглоод байгаа талаараа дурсан суужээ.
Эх сурвалж: TV5 Mongolia