М.Нарантуяа: Хүүхэдтэйгээ “Би ээж чинь, чамайг төрүүлсэн хүн” гэж харьцах нь буруу.
М.Нарантуяа: Хүүхэдтэйгээ “Би ээж чинь, чамайг төрүүлсэн хүн” гэж биш яг ижил тэгш харьцвал хүүхэдтэйгээ илүү сайн ойлголцоно.
М.Нарантуяа: “Би ээж чинь, би чамайг төрүүлсэн хүн” биш яг ижилхэн хүн гэдэг утгаар ярилцах юм бол хүүхдүүд илүү сайн ойлгодог юм билээ. Би бол ихэнх зүйлийг хүүтэйгээ яг л хамгийн сайн найз нь ярьж байгаа мэтээр ярилцдаг. Заримдаа бол мэдээж ээж нь юм чинь загнана. Гэхдээ тэрийг яг яаж вэ гэдгээ тохируулна.
Хүүхдүүд өөрийг нь маш сайн сонсоод, ярилцаад “Нэг ийм юм болсон” гэхээр нь “Өө тэгсэн үү, ээжийг нь бас жоохон байхад яг тэгж байсан, яг тийм зүйл одоо ч гэсэн байдаг юм байхдаа” ч гэдэг юм уу ярилцах хэрэгтэй. “Яг ийм зүйл ээж дээр ч гэсэн байсан гэж үү?” гэдэг ийм юмыг хүүхдүүд сонсохоороо бас “Аан ийм л зүйл байсан байна, түүнийг ингэж даван туулсан юм байна, энэ байдаг л зүйл юм байна, ганцхан надад тохиолдоод байгаа зүйл биш юм байна” гэдэг эмзэг мэдрэмж төрүүлэхгүйн тулд маш чөлөөтэй ярилцдаг.
Заримдаа хэзээ, юуг, хэрхэн, яаж хэлж ойлгуулах вэ гэдэг өөрөө маш чухал санагддаг. Жишээлбэл, найзуудаараа юм ярьж байлаа гэхэд, томчуудын ярианд хүүхэд оролцлоо гэхэд хүүхдээ тас загнаад л “Битгий томчуудын ярианд оролцоод бай” гэхээсээ илүү тэр зүйл дууссаны дараа хүүхдэдээ “Том хүмүүс ярьж байхад ингэж оролцвол муухай байдаг юм шүү, томчуудын ертөнц хүүхдийн ертөнц тусдаа байдаг учраас ийм зүйл дараа болбол тэр зүйлийн тухай бодлоо ээждээ дараа нь хэлээрэй” гээд хэлэх нь зүйтэй.
Нэг л удаа маш зөв ойлгуулаад хэлчихэд дахиж тэр алдааг хэзээ ч давтдаггүй. Тийм учраас үүн дээрээ би хүүхэдтэйгээ гайгүй ажиллачихдаг юм болов уу гэж боддог юм. Хоёр хүүтэй хүний хувьд би хүүхдээ эр хүний хувьд чадалтай, потенциалтай, заавал оюуны юм уу эд хөрөнгөтэй гэхээс илүүтэй гол зүрхнээсээ хүн байх хүнлэг байлгахыг хүсдэг. Эмэгтэйчүүд төдийгүй, бусдыг ойлгож хүндэтгэдэг байх. Өөрөө хаа нэгэн газар зохицож амьдрах чадвартай хүн болгох юм сан л гэж маш их хичээдэг.
Зарим хүмүүс хүүхдээ гэртээ хэт их ханхүү, гүнж шиг эрхэмлээд хүүхэд нь гадна орчинд амьдрах чадваргүй болчихсон байдаг. Хэдийгээр гэртээ бидний хамгийн эрхэм нандин ч гэлээ гараад бусад айлын эрхэм нандин нэгэнтэй харьцах учраас хаана, хэзээ, хэнтэй зохицох ёстой вэ гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй гэж би боддог юм”
Эх сурвалж: Peak News