Өөрөө сурч чадаагүй ч хураасан мөнгөөрөө 33 хүүхдийг боловсролтой болгосон түүх

АНУ-ын Айова мужийн оршин суугч Дейл Шрёдерийн гайхалтай түүхийг та бүхэнд хүргэж байна. Насаараа мужаан хийж, даруухан амьдарч байсан тэрээр өөрөө сурч чадаагүй ч өрөөлийн хүүхдүүдэд тэтгэлэг олгон, боловсролтой болгож, амьдралд хөл тавихад нь тусласнаар өдгөө хүртэл үндэсний баатар мэт хүндлэгддэг эрхэм хүн юм.

Айова мужийн оршин суугч Дейл Шрёдер бүхий л амьдралынхаа туршид даруухан гэж хэлэхэд ч зөөлдмөөр амьдралаар амьдарчээ. Тэрээр 67 жилийн туршид нэг л компанид ажиллаж, хүнтэй гэрлэлгүй, хүүхэдтэй ч бололгүй байсаар 2005 онд таалал төгссөн аж. Ганц бие, зүдрүү, дуу муутай түүнийг нас барсных нь дараа л хичнээн их гавьяа байгуулсныг нь мужийнхан төдийгүй улс даяар, дэлхий даяар ч мэдэх болсон юм.

“Дейл нэг удаа манай ажил дээр ирээд, өөрөө сурах боломж гараагүй, тиймээс бусад таньдаггүй оюутнуудын сургалтын төлбөрийг нь төлмөөр байна гэж хэлсэн. Тэр энгийн нэгэн л ажилчин байсан юм. Өдөр бүр ажилдаа ирнэ, уйгагүй, хичээнгүйлэн ажиллаж, бусдын адил л байдаг байлаа. Тэр өөр шиг нь коллежд орох боломжгүй болсон хүүхдүүдэд туслахыг хүссэн” хэмээн Дейлийн найз, түүний итгэмжит төлөөлөгч Стив Нильсен KCCI news агентлагт ярьж байв.

Ингээд Стив Дейлээс хэр их мөнгөтэйг нь асуухад “Лав гурван сая доллар бий” гэж хариулжээ. Стив үүнд нь ихэд цочирдсон гэдэг. Дейлийг саятан байсан гэж таамаглахын аргагүй. Тэр хуучин машинтай, хоёр ээлжийн жинстэй, нэгийг нь ажилдаа явахдаа, нөгөөг нь сүмд очихдоо өмсдөг байж. Дейл бусад хүмүүст туслахын тулд зоос бүрээ хадгалж, илүү зүйлд мөнгө үрдэггүй байсан аж.

Нэгэн Кира Коннорд гэх хүн эмч болох хүсэлтэйгээр ахлах сургуулиа төгссөн ч мэргэжлийн боловсрол олж авах боломжгүй байлаа. Тэрээр “Манайх ам бүл 4. Би дээрээ 3 эгчтэй би хамгийн бага нь. Манай ээж биднийг ганцаараа өсгөсөн юм. Дөрвөн хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Би сурмаар байна. Энэ бол миний мөрөөдөл байлаа. Гэвч манайд ямар ч мөнгө байхгүй. Гэтэл гэнэт л утас дугарч, миний төлбөрийг төлөхөөр болсон гэсэн мэдээ дуулгахад би өөрийн эрхгүй л уйлчихсан. Надтай хэзээ ч уулзаж байгаагүй хүн миний коллежийн төлбөрийг бүтнээр нь шахуу төлчихсөн. Ийм юм байх боломжгүй шүү дээ” гэж ярьжээ.

Хүсэл мөрөөдөлтэй ч хөрөнгө мөнгөгүйн улмаас мөрөөдлөө орхихоос аргагүйд тулаад байсан Кирад тусалсан хүн нь мужаан Дейл байв.

Дейл найз Стивдээ хандан, сурах хүсэлтэй, зорилготой гэвч төлбөрийн чадваргүй 33 хүүхдийг олж, тэдэнд 80 мянган долларын тэтгэмж олгохыг хүсжээ. Ингээд найз нь ийм хүүхдүүдийг олж, тэдэнд тэтгэлэг олгосноор тэдний ихэнх нь эмч, багш нар болсон байна.

Дейлийн тэтгэлгээр сурсан хамгийн сүүлийн сурагч нь 2019 онд эмчийн мэргэжлээр сургуулиа төгсчээ.

Дейл найз Стив: “Дейл тэтгэлэг авах хүүхдүүдэд нэг л шаардлага тавьсан. Энэ нь тэд сургуулиа төгссөнийхөө дараа өөр шигээ нэг хүүхдэд туслах ёстой гэсэн өнхцөл. Дейлд талархах илэрхийлэх боломжгүй, учир нь тэр хэдийнэ бидэнтэй хамт байхаа больсон ажээ. Гэхдээ түүний сайхан сэтгэлийг үргэлжлүүлж, бусдад туслан талархсан сэтгэлээ илэрхийлэх боломжтой юм” хэмээжээ.

2019 онд, Дейлийг нас барснаас 14 жилийн дараа Дейлийн тусламжаар сургууль төгссөн 33 хүн нэг дор цуглан уулзжээ. Тэд нэг нэгэнтэйгээ танилцаж, өөрсдийн түүхийг хуваалцсан байна. Дейл тэдэнд туслаагүй бол мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байсан эдгээр хүмүүс одоо ч Дейлийн захиасыг биелүүлж байгаа гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.