23хан настай залуу хүн амины хэрэгт хэлмэгдэж , 15 жилийн амьдралаа алдсаны эцэст цагаатгагдсан

Өмгөөлөгч М.Хувцагаан: “Би 1983 онд өмгөөлөгчийн эрх авч өмгөөлөгчөөр дагнаж 40 жил , эх барих бага эмчээр 14 жил гээд би 54 дэхь жилдээ ажиллаж байна. Миний хувьд 3800-аад хэрэг өмгөөлсөн байдаг юм. Бүх төрлийн хэрэг дээр ажиллаж байсан даа. Ярьж болох ч хэрэг байгаа, ярьж болохгүй ч хэрэг байгаа. Хамгийн тод санаж байгаа хэрэг бол 2004 оны 4-р сарын 7-ны өдөр над дээр нэг эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэй ирэхдээ миний хүү ингээд хүн амины хэрэгт холбогдоод хоригдсон байгаа. Бид хуулийн мэдлэггүй учраас яахаа мэдэхгүй гэр бүлээрээ хүнд байдалд орсон. Та энэ хэрэг дээр ажиллаж өгөөчээ гээд ирсэн юм. Тэгээд би тэр хэрэг дээр ажилласан.  Энэ бол З.Гантулга гэдэг хүний хэрэг байсан юм. Тэгээд хэргийн талаарх мэдээлэл байцаалт дээр суугаад , шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаад , ахиж санал хүсэлт бичээд дүгнэлт гаргуулаад хөөцөлдөөд явсан. Анх бол тэр хэрэгт би мөнч юмуу биш ч юмуу гэж эргэлзэж байсан. Яагаад эргэлзсэн бэ гэхээр өөрөө хэргээ хүлээгээд мэдүүлэг өгчихсөн байсан. Анхны мэдүүлгэн дээрээ би хийгээгүй гэж мэдүүлэг өгчихөөд , хоёр дахь мэдүүлгэн дээр би хийсэн гээд мэдүүлэг өгчихсөн ийм хэрэг байсан. Тэгэхдээ тэр хүүхэд бол цэргийн алба хаасан , эрүүл саруул тийм хүүхэд байсан. Тэгээд би яагаад ийм хоёр өөр мэдүүлэг өгөв. Үүний зөрүүг би арилгах ёстой гэж бодсон. Тэгээд 2005 оныхоо 10-р сард анхны шүүх хурал хийсэн.  Анхны хурлаар хэргийн бүрдэл хангагдаагүй , дутуу шалгасан байна гэсэн. Тэгээд дахиж шалгаж шалгаж анхан шатны шүүхээр 2 , 3 удаа ороод. Анхан шатны шүүхээс буцаагдаад тогтоол л гараад яваад байгаа юм. Тэгээд нэгмуу нэг удаа шийдэлтэй болоод 25 жилийн ял өгсөн. Тэгээд энэ хэргийг давж заалдаад улсын дээд шүүхрүү явуулсан. Улсын дээд шүүхээс хэргийн бүрдэл дутуу байна , дахиж шалга гээд 2007 онд улсын дээд шүүхээс буцсан. Энэнээс хойш бол мөрдөн байцаалтын явц тасралтгүй явагдсан. Тэр хүүхэд яагаад хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн бэ гэхээр тухайн үед хоёр мөрдөн байцаагч мэдүүлэг авахдаа хэний ч зөвшөөрөлгүй нялх хүүхэдтэй эгчийг нь авчирч торны цаана хорьж дүүд нь харуулаад чамайг хэргээ хүлээхгүй бол одоо танай аав ээжийг бас авчирч хорино гэж дарамталж , өөрийг нь бас эрүүг нь шахаж чамайг алчихсан ч яадаг юм гээд эрүүдэн шүүсэн байгаа юм. Тэгэхээр нөгөө залуу хүүхэд сэтгэлзүйн хувьд дарамтанд ороод , айж цочсоноосоо би энэ хэргийг хийсэн гээд хэлсэн байгаа юм. Тэгээд сүүлд би тэр мөрдөн байцаагч нарыг зохих байгууллагт нь гомдол гаргаж арга хэмжээ авхуулсан . Ингэж явсаар байгаад 2020 оны 4-р сард Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулж миний энэ үйлчлүүлэгчийн хэргийг цагаатгасан. Миний үйлчлүүлэгч 23хан настай байсан , 38 настай болохдоо цагаатгагдсан тэр хүнд хань ижил гэж байхгүй , үр хүүхэд гэж байхгүй , орон гэр гэж байхгүй ийм хүнд байдалд орсон. Тухайн үед талийгчийн цээжэн дээрх пүүзний мөрийг шинжилгээнд өгөхөд миний үйлчлүүлэгчийн пүүзнийх биш байсан. Талийгчийн гарт мөн үс байсан. Үс нь мөн миний үйлчлүүлэгчийн үс биш байсан. Энэ хэрэг дээр ажиллахад анагаахын эзэмшсэн мэргэжил маань надад асар их хэрэг болсон доо. Энэ цагаатгах шийдвэр гарсаны дараа би нөхөн төлбөр хөөцөлдөж 50н хэдэн сая төгрөг авч өгсөн. Бас л жил хөөцөлдсөн дөө. 50 сая төгрөг өнөөдөр юу юмбэ? Тэр мөнгөөрөө нэг приус л авч унасан боловуу гэж би өөрөө боддог юм. Тэгэхдээ л сэтгэлийн мухарт их харамсалтай. Бүхэл бүтэн нэг хүний амьдрал , бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдрал сүйрч байгаа байхгүйюу. Одоо аавч байхгүй, ээж ч байхгүй , эгч ч байхгүй болно шүү дээ. Эцсийн дүндээ энэ чинь цохилох зүрхтэй хүн юмшүүдээ гэсэн сэтгэлээр л би тэр хэрэг дээр ажилласан. Хувь хүн нь их золгүй хүн юмдаа л гэж бодох юм. Гэр бүл гэдэг чинь улс орны нэг суурь тулгуур, эх сурвалж , үндэс нь юмшүүдээ. Улс юун дээр тогтож байна гэр бүл дээр л тогтоно биз дээ. Энэ тулгуур нь эвдэрээл унаал байх юм бол яаж энэ улс орон хөгжиж дэвжиж сайн сайхан байх юмбэ.”

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.