Хааяа ээжийнхээрээ ороод гарахад ээж минь хачин их баярлаж , өгөх юмаа олж ядан , ээж нь сайхан хоол хийгээдхэе миний хүү жаахан хажуулдаж бай гэдэгсэн

Наадмын өмнөхөн эхнэртэйгээ ойр зуурын юм хөөрөлдөж, оройн хоол сайхан лапшаа хийж идэхээр болоод сууж байтал хүү ээжрүүгээ залгаж наадмын хуушуур найз охинтойгоо ирж идмээр байна гэж хэлжээ. Эхнэр юу юугүй босч хүү ирнэ гэнэ , би дэлгүүр гарч идэх дуртай ойр зуурын юмыг нь цуглуулаад ирье чи наагуураа өөрийгөө аргалаарай гэчихээд гараад явчихлаа. Өө хөөрхий миний бие өрхийн тэргүүний байр сууриа хүүдээ аль хэдийн алдчихсанаа мэдээгүй явжээ хэхэ.
За тэр ч яахав яг тэр мөчид би ээжийгээ, өөрийнхөө залуу насаа жигтэйхэн их санагалзаж, хүүдээ бяцхан атаархав.
Ажил төрөл их байна гэж шалтаглан хааяа ээжийнхээрээ ороод гарахад ээж минь хачин их баярлаж , өгөх юмаа олж ядан , ээж нь сайхан хоол хийгээдхэе миний хүү жаахан хажуулдаж бай гэдэгсэн. Хөөрхий ээж минь хэдэн хүүхдээ ирэхийг ямар их хүлээдэг байсан юмбэ дээ. Амьдрал бидэнд эрт, орой нэгэн цагт бүхнийг ухааруулж, хүмүүний үнэн төрхийг өөрт нь ойлгуулдаг. Бид хэн ч болсон, хэдэн настай бай хамаагүй аав ээждээ бол мөнхийн бяцхан үр нь байдаг ажээ. Үүнийг ухаараагүй нэг нь өндөр настай аав, ээжийнхээ хэлэх ярихыг цагдаж, явах, суухыг нь хязгаарлаж хэзээний юмны эзэн, сумны занги болсон аятай зааж, зааварчилж, зарим нь бүр үглэлээ гэж тээршаах нь юутай гаслантай. Эцэг, эхийнхээ өөдөөс хэдэрлэж, хэрэлдэж байгаа хэн ч байсан миний бухимдлыг төрүүлдэг. Тэгсэн ч аав, ээжийнх нь үрээ гэсэн хайр, сэтгэл хувирдаггүйг үл анзаарч мөнхийн дэргэд нь байх ёстой мэт авирласаар нэг л өдөр тэд хорвоогийн бодит үнэнтэй нүүр тулах нь нэн харамсалтай.
Эцэг эхтэйгээ хамт өтөлж байгаа та ховорхон заяанд төрсөндөө хувь тавиландаа талархаж яваарай.
Хүн хорвоод мөнгөөр биш хүнээр л дутдаг ажээ.

Эх сурвалж:  ZEGA

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.