Жүжигчин Б.Хулан багаасаа л авъяастай нэгэн байжээ
Саяхан буюу 2021 онд Хурд хамтлагын “Бүсгүй” хэмээх домог болсон дууг гайхалтай чимсэн жүжигчин Б.Хулан нь багаасаа л авъяастай нэгэн байжээ. Тэрээр 14 насандаа буюу 1997 онд “Монголын анхны фото мисс”-ээр шалгарч байжээ. Мөн 1998 онд “Монгол улсын үзэсгэлэнт гоо охин”-оор шалгарч байжээ.


Багаасаа л авъяастай , хөдөлмөрч байсан мундаг бүсгүй маань одоо ч нийгэмдээ сайн сайханаар хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг , хөдөлмөрч , гоо бүсгүй гэдгийг та бүхэн минь хүлээн зөвшөөрөх бизээ.

Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлага болох 2022 оны On&On подкаст-д өгсөн ярилцлаганаас дурьдвал:
Сайн байна уу? Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан?
Сүүлийн хоёр гурван жил нам гүм байлаа. Хурд хамтлагийн клипэнд тоглоод, уран бүтээл хийх тэр гоё мэдрэмжээ эргэж авсан, үнэхээр сайхан байсан.

Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу? Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?
Хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, ганц бие ээж. Зөв амьдрахыг хичээдэг. Гэхдээ амьдрал юм хойно алдаа оноо байна, би өмнө нь хоёр амьдралтай байсан. Миний амьдрал олны нүдэн дээр байдаг учраас бүх алдааг хүмүүс надаас хайдаг, гэтэл алдаа зөвхөн нэг талаас байдаггүй шүү дээ. Энэ бүхнийг гэхдээ нийтэд тайлбарлаад, өөрийгөө зөвтгөөд явах хүсэл байдаггүй. Намайг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй шүү дээ, би өөрийн зөв бурууг мэдэж байгаа нь л хангалттай.

Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байна? Эр нөхөр болох хүндээ ямар шаардлага тавьдаг вэ?
Энэ талаар бас судалж байгаа шүү, “Эрчүүд муу эмэгтэйг хайрладаг” гээд ном уншсан. Уншиж байхдаа яг би байна, ийм алдаанууд гаргаж байж гээд л уулга алдан, олон зүйлийг ухаарсан. Тухайлбал би нилээд зөөлөн талдаа хүн, нөгөө хүндээ хаана явж, юу хийж байна гээд л бүх юмаа дэлгэчихдэг, бүх юмаа нэг л мэдэхэд зориулчихдаг. Гэтэл эрчүүдээс авсан судалгаагаар, дэлгэсэн ном шиг ойлгомжтой, араас нь бөөцийлөөд байдаг эхнэр, эр хүнд ээжтэй нь адил санагддаг учраас татагдахаа больдог, тайвширдаг юм байна.
Ирээдүйн эр нөхөртөө шаардлага тавихгүй байгаа. Яг ийм хүнтэй сууна даа гээд дотроо дэндүү их төсөөлж байтал бодит амьдрал дээр тэр хүн нь гарч ирэхгүй болохоор сэтгэлээр унах тохиолдол бий. Тиймээс намайг, миний бүх зүйлтэй, үр хүүхэдтэй минь хамтад нь хайрлаад аваад явах тийм л хүнийг сонгох болов уу.


Та аз жаргалтай эмэгтэй мөн үү?
Би өөрийгөө дандаа асч, аз жаргалтай явсан гэж хэлэхгүй. Асах, унтрах ээлжилдэг хорвоод өөртэйгээ ажиллаж, унтарсан үедээ асаах аргаа мэддэг байх ёстой юм билээ. Тухайлбал сая ковидын үед ном уншиж, подкаст сонсч, онлайн бясалгалд явж, хумсаа хүртэл өөрөө янзалж сурсан. Хамгийн чухал нь өөрийнхөө сул болон давуу талыг жагсааж бичээд, сул талуудаа давуу тал болгож эхэлсэн. Сүүлийн үед биеийн жин дээр онцгой анхаарч байгаа. Аливаа зүйлийг төлөвлөсөн бол 5 тоолоод шууд хийж эхлэхгүй л бол маргааш, эсвэл дараа гэж хойшлуулахаар хүч нь саараад хийхээ больдог. Тиймээс ковид гайгүй болж, фитнесст явтлаа гэж хойшлуулалгүй өдөр тутмын хооллолтондоо анхаарч, гурилан бүтээгдэхүүнээ багасгасан, бага багаар ойрхон идэж байгаа. Бас нэг анзаарсан зүйл бол би өмнө нь бусдад тааруулж, өөрийгөө өөлж амьдарсан юм билээ. Бусдад таалагдахын тулд өөрийгөө хэвэнд оруулчих гээд, жинхэнэ Хулангийн хүсэл сонирхлыг золиослох үе олон байсныг олж хараад, өөрийгөө чөлөөлсөн, өөрийгөө хайрлаж, өөрийнхөөрөө байх болсон нь надад эрх чөлөөг олгосон.

Мөнхийн залуу тодотголтой олны танил бүсгүйчүүдийн тоонд өөрөө ордог. 10 гаруй жилийн өмнө тоглосон Болсон явдал киноныхоо үеэс огт өөрчлөгдөөгүй гэгддэг юм билээ. Залуу насаа хадгалж буй нууцаа хуваалцвал?
Маш их баярлалаа. Хүмүүсээс бас тэгж сонсч байсан. Манай аав ээж, эгч ер нь овор багатай хүмүүс байдаг, тэгэхээр удмын онцлог байдаг байх.Бага байхдаа том эгч шиг харагдах дуртай байлаа, байнга өсгийтэй гутал өмсдөг, гэтэл одоо эсрэгээрээ илүү залуу харагдахыг хүсдэг болсон. Арьс арчилгааны хувьд Монгол бүтээгдэхүүн голлон хэрэглэдэг.

Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаач?
“Шинэ уран бүтээлд орохоор бэлтгэл хангаж байгаа. Өөрийгөө сорьж үзэхийн тулд нэг уран бүтээлийг гардаж хийхээр төслөө бичиж байна.” хэмээн ийнхүү сайхан ярилцлагыг хийсэн байна. Гоо сайхантай хосолсон чадварлаг , хөдөлмөрч, ухаалаг бүсгүйдээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье








