ЭЕРЭГ МЭДЭЭ

Атгасан гар шиг арвуулаа

Амьдрал юутай баян бэ! хэмээн дуу алдмаар, амьдрал юутай энгийн бэ! гэж хүндэтгэмээр өнөр өтгөн сайхан айлд gogo.mn-ийхэн зочилж, их ажлын дараах нэгэн үдшийг өнгөрүүлжээ.

Гэрийн эзэн нягтлан бодогч мэргэжилтэй Ш.Ганзориг, гэргий нь багш, нүүр ам судлаач мэргэжилтэй Д.Доржсүрэн. Анх танилцсанаас эхлэн тооцвол 18 жилийг хамтдаа үдсэн энэ хос найман хүүхдийн ээж аав, атгасан гар шиг арвуулаа өнөр бүл болжээ.

“Нэг үеийг бодоход хүүхдүүд дээрээсээ томорч, тусад ороод ойр зуур орж гарах чөлөө олдох хэмжээний, сэтгэл амар суух цаг завтай болсон” гээд аав, ээжийн сэтгэл өег. Гэхдээ л бага нь ой найман сартай, багын дээдэх гурван настай, эгч нь таван настай гэхээр ажил ар араасаа ундрах мэт санагдах ч хүүхэд багадаа биш, хэрхэн хүмүүжүүлж сургаснаар болдгийг энэ гэр бүл яруу тодоор харуулж байна.

Хүүхдүүдийн эхний тав нь дунд сургуульд, удаах хоёр нь цэцэрлэгт, бага нь удахгүй хоёр нас хүрмэгц цэцэрлэгт ороход бэлэн болжээ. Улсын цэцэрлэгт явах нас нь л хараахан хүрээгүй боловч олон ах, эгчтэй бяцхан Агниста охин тэднээсээ суралцаж өөрөө хувцсаа өмсөнө, аягатай хоолоо халбагадаад идчихнэ, ах эгч нарыгаа дагаад гэр дотуураа товор товор гүйж өөрийгөө зугаацуулна. Уйлж унжаад, ээж аавыгаа эргүүлдэж наалдаад байх нь үгүй. Хүүхэд л юм хойно нэг харахад оймсоо тайлчихсан гүйж явна.

“Агниста, оймсоо өмсөөрэй” гэж шалан дээр суугаад бондгорхон хөлөндөө жижигхэн цагаан оймсоо ямар ч түвэггүй углачихаад инээд алдан гүйж одно. Ээ, ямар эрт бие даасан зулзага вэ

Ээж Д.Доржсүрэн “Ач” анагаах ухааны их сургуулийг нүүр ам судлаач эмч мэргэжлээр төгссөнөөс хойш өдгөө сургуульдаа 12 дахь жилдээ багшлахын зэрэгцээ “Баянсандент” нэртэй шүдний эмнэлэгтээ ажилладаг. Ам бүл олуулаа учир тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстойг аав, ээж хоёр сайн мэднэ. Эхнэрээ дэмжиж, дуртай ажлыг нь хийлгэхийн тулд хувийн эмнэлгээ байгуулсан нь өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж, байр сууриа олжээ.

Ш.Ганзоригийнх монголчуудын амьдралын нийтлэг хэв шинжээс арай өөр соёл, төлөвшилтэй. Айлын сайхан охиныг жаргаана л гэж ханилсан. Тиймээс эхнэрээ дурлаж сонгосон ажил мэргэжлээс нь хөндийрүүлэхгүйн тулд багшийн ажлыг нь хийлгэж, мэргэжлийнх нь дагуу хувийн эмнэлгээ байгуулж, ханиа дэмжин хамтдаа зүтгэсээр хөл дээр нь босгожээ. Хүүхдүүд бага учир аав, ээжийн нэг нь тэднийгээ асрах хэрэгтэй. Энэ үүргийг Монголд голдуу ээжүүд хүлээдэг бол Ш.Ганзориг арын албаа хариуцаж, эхнэрээ ажилд нь оруулжээ.

Замын түгжрэл хотынхныг эрт босгож сургасны адил энэ айлын гэрэл 05.30 цагт асаж, өглөөний цай зуухан дээр даргилна. Хүүхдүүдийн хоол цайны хажуугаар эхнэрийнхээ өдрийн хоолыг зэхэж өгөөд сэтгэл амар ажилд нь үднэ. Ээжийн ажил гэрээсээ хол хотын баруун захад тул өглөө хамгийн эрт гарна.

Том хүү Г.Билгүүнтулгаас эхлээд тавуулаа нэг сургуульд буюу орос хэлний сургалттай Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийн сурагчид. Том ах есдүгээр ангийнх тул өөрийгөө болгоод ганцаараа эртлэн гарч сурчээ. Харин дүү нарыг аав нь хүргэнэ. Хүүхдүүдээ сургуульд нь оруулсан аав буцаж ирээд, 08.30 цагаас өмнө цэцэрлэгийн хоёрыгоо оруулна. Ой найман сартай бага охин Агниста одоогоор аавтайгаа гэртээ өнжиж байна.

Тэд том хүү Г.Билгүүнтулгыг төрөх жил гэр бүл болж, тэр үед гэргий Д.Доржсүрэн гуравдугаар курсын оюутан байж. Залуу хос орон байраа захиалж, өргөө гэртээ анх гурвуулаа орсон бол одоо арвуулаа өнөр болжээ. Шинэ байрандаа гал голомтоо бадраан амьдралаа эхлүүлж байхад Ш.Ганзоригийн ээж ерөөлөө хайрлан, алд цэнхэр хадаг өргөн барьж байсан нь өдгөө өнөөх байрандаа эвийн бэлгэдэл болон бат бөх зангидаастай. Амьдрал өөдлөн дэвжиж, үр хүүхдүүд нь эрүүл саруул өсөж торниж сайн сайхан яваагаа аав ээжийн ерөөл, бидний нэгэндээ итгэсэн итгэл, эв нэгдлийн хүч хэмээн тэд санал нэгдэнэ.

ТОМ ХҮҮ ЭМЧ, ТОМ ОХИН ЭМ ЗҮЙЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Том хүү Ганзоригийн Билгүүнтулга багаасаа зүрхний эмч болно гэдэг байжээ. Хүүхдийн мөрөөддөг мэргэжил том болохын хэрээр өөрчлөгддөг бол Билгүүнтулга хүү багадаа сонгосон мэргэжлээ өөрчлөөгүй нь олон дүүтэй том ахын үүрэг хариуцлагатай ч холбоотой байж болох. Анх аав, ээж нь хүүхдүүддээ хоёр хөрш орныхоо хэлийг сургаж, дэлхийн боловсрол эзэмшүүлэхийг хүсэж орос сургуульд оруулжээ. Г.Билгүүнтулга хүү “Би орос хэлдээ дуртай, хайртай. Орост их сургуульд сурах мөрөөдөлтэй. Путины тэтгэлэгт өрсөлдөх ойрын зорилготой хичээж байна”.

Долоодугаар ангийн сурагч том охин Г.Анжелина нь эм зүйч мэргэжилтэй болно гэв. “Манай хүүхдүүд өөрсдөө л эрүүл мэндийн салбарыг сонгоод байна. Магадгүй ээж нь эмч болохоор тэдэнд ойр санагддаг байх шиг. Манай өнөөгийн нөхцөлд эмчээр ажиллахад хэцүү. Сонголтыг ээж нь хийдэгсэн бол арай өөр мэргэжил санал болгохсон. Гэхдээ хүүхдүүд өөрийн сонирхлыг дагах нь зөв гэж” гэж тэд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэдэг шинэ үеийн залуус.

Орос Украины мөргөлдөөнөөс болж дэлхийн улс орнуудын геополитикийн бодлого эрс өөрчлөгдөж байгаа ч хүүхдүүд өөрсдөө л сонголтоо хийг. Бид хоёр хүүхдүүддээ эд хөрөнгөөс илүү эрдэм боловсрол, гэрийн хүмүүжил төлөвшилтэй, бусдын гар харахгүй бие даан амьдрах чадвар эзэмшүүлэхийг хичээдэг гэж ээж, аав нь ярьж байна.

ГЭРИЙН ДҮРЭМ

Орчин үед айл бүхэн нэг ижил асуудалтай нүүр тулж байгаа нь хүүхдүүдийн цахим хэрэглээ. Гар утас, зурагт, Ipad-ыг зоргоор орхивол хүүхдүүд хэдэн цагаар салахгүй бөгөөд хор нөлөө ихтэй. Гэвч орчин үеийн хүүхдүүдийн цахим хэрэгслээг ор тас хорих нь утгагүй. Тиймээс өглөө сургууль, цэцэрлэгтээ яваад орой ирдэг хүүхдүүддээ хоолны дараа, унтахын өмнө нэг цаг тоглохыг зөвшөөрдөг, цаг нь болоход хураалгаад хоорондоо тоглодог гэрийн дүрэмтэй.

Ээж нь шүдний эмч болоод тэр үү, хүүхдүүдийг өдөр бүр амттан идэхийг дэмждэггүй. Хагас сайн өдрийг “чихрийн өдөр” болгож, хүссэн амттанаа дураараа иднэ. Дараа нь шүдээ сайн угаана. Бусад өдөр чихэр идэхгүй гэдгээ Ганзоригийнхон бүрнээ ухамсарлажээ.

Ажлын таван өдөр хоол бэлтгэх болон ар гэрийн бүхий л ажлыг аав хариуцсан шиг хариуцна. Амралтын хоёр өдөр аав, ээж нь эмнэлэгтээ ажилладаг тул өглөөний цайг нь бэлдээд ажил руугаа гарна. Гурван том хүүхэд дүү нараа халамжилж өдөр, оройн хоолоо хамтарч хийгээд сурчээ. Хоёр том нь хүссэн хоолоо хийчихнэ, яарсан үед бэлэн хоол хэрэгтэй тул бууз чимхээд хөлдөөчихнө. Хөдөлмөрч аавын хүү багаасаа гэрийн ажилд тусалж, ажил сайн “нугалж” сурчээ.

“Миний хүү зочид ирэх гэж байна, хурдан ирээч” гэхэд хүү нь “За ээж ээ, би сургуулиас гараад гүйж явна” гэсээр гэртээ яаран ирж шалаа угааж, эмх цэгц тогтоосон гэнэ. Харин аав нь гал тогоонд эргэлдэж, бүхэл мах чанаж, амталсан мах, багачууддаа зориулж тахианы мах, шөл буцалгах зэргээр ширээн дээр багтахааргүй олон төрлийн амтат хоол, зууш бэлдчихсэн байв. Энэ гэрийн эрчүүд ажилсаг.

Хоол эхнээсээ гарч, ширээ тойрон халуун бүлээрээ амтат хоолоо зооглосны дараа том охин Анжелина аяга, тавгаа цэвэрлэн, гал тогооны хэсгийг цэмбийтэл цэвэрлэсэн байв. “Миний охион, аягаа угаагаарай” гэж аав, ээжийн хэн нь ч хэлээгүй. Охин өөрөө сурчихсан, гал тогоог цэвэрлэж байж унтдаг заншилтай тогтоод уджээ.

Хэдийгээр олуулаа ч гэрт хөглөрч харагдах юмгүй, “Хүүхдүүд ээ, чимээгээ аяд! гэсэн анхааруулга сануулга энэ айлд огтоос үгүй юм. Ээж, аав нь ингэ тэг! гэж зааж, чиглүүлээд ч байхгүй. Ах, эгч л дүү нараа удирдан чиглүүлж, аав ээждээ ажлаа сэтгэл амар хийх боломжийг олгодог гайхалтай хүмүүжилтэй ажээ.

Айлын том хүүхэд ямар байна, дүү нар нь дагаад сурдаг гэдэг. Г.Билгүүнтулга ах дүү нартаа үлгэрлэж байна. Гэрийн ажил, хоолыг төрөл төрлөөр нь хийхийг тэр сурчихсан гэхэд болно. Харин одоо ажил хийж, хүнтэй харилцаж сураг гэж аав, ээж нь хүүгээ шүдний эмнэлэгтээ ресепшн хийлгэжээ. Дараа нь аав, ээжээсээ хол бие даан ажиллав. Хүү байрныхаа супермаркетад анх тоос арчиж байсан бол одоо амралтын нэг өдөр нь кассчин хийж, долоо хоногийн хэрэглээний мөнгөө олдог. Байр нь анх ашиглалтад орж эхний хэдэн айлууд нүүж ирэхэд л танилцсан байрны эгчтэйгээ ах, дүүс шиг дотно болж, шинэ гэртээ өлгийтэй нялхаараа ирсэн хүү одоо байрныхаа дэлгүүрт ажиллаж, цалин авах болжээ.

Хүүхдүүд өглөө эрт босох тул 21.30-22.00 цагийн хооронд унтаж хэвшжээ. Хоёр том нь голдуу даалгавраа хийгээд үлдэнэ. Дүү нар нь шүдээ угаагаад цагтаа унтаж сурсан тул 22.00 гэхэд энэ айлд нам жим болж, шөнийн амгалан айлчлан ирнэ.

Аав Ш.Ганзориг, Би бас олуулаа, аав, ээжээс наймуулаа өссөн. Дээр нь том эгч нарын хүүхдүүдийг өсгөөд 12-13-уулаа нэг гэрт шуугилдаж хүн болцгоосон. Эхнэр бид хоёр олон хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн зүйл байгаагүй, ирсэн хүүхдүүдээ бурхны бэлэг гэж баяртайгаар угтан авдаг. Тэднийгээ бусдын гар харахгүй бие даан амьдрах чадвартай хүмүүс болгох нь бидний гол зорилго гэнэ.

Эхнэр Д.Доржсүрэнгийн хувьд үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөж, хэлсэндээ хүрдэг байхыг сургасан өвөө, эмээгийнх нь сургааль амьдралын зарчим, хүүхдүүддээ хэлдэг гол өнцөг. Энэ зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн. Хүн ер нь сурсан эрдэм мэдлэгээ л зарж амьдардаг. Сайхан мэргэжил эзэмшээд, Монголдоо ч сайхан амьдарч болно шүү дээ. Бид хоёр тэр жишгээр л амьдарч байна. Бидний цалин орлого тэр чигтээ хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулагддаг. Хүүхдүүдээ эд хөрөнгөнөөс илүү эрдэм мэдлэгийг өвлүүлэх нь бидний зорилго.

Хүүхдийн гутал хувцас, хэрэглээ гээд бүх зүйлийг найман хувь авна, хоол хүнс эдэлж хэрэглэж буй бүхэн найм дахин үржигдэнэ гэхээр энэ өнөр бүлийн амьдралын өртөг багагүй байх. Гэхдээ бид бусдад гомдоллож, нийгмээ буруутгаж, төр засгаа шүүмжлэхийг хүсдэггүй. Өөрсдийн бүтээсэн амьдралаа өөрсдөө л авч явах ёстой гэсэн гол зарчмаа барин хичээдэг, үр хүүхдүүддээ үлгэрлэдэг хэмээн санал нэгтэй ярих эх орны хариуцлагатай иргэд.

Байхгүйн зовлон хэцүү. Гэхдээ байлгаж амьдрахыг хүсдэг. Манайх бол тансаг айл байгаагүй ч бид юугаар ч дуталгүй сэтгэл дүүрэн өссөн. Энэ л Ганзориг, Доржсүрэн хоёрын амьдралын хамгийн энгийн зарчим болжээ. Байлгахын төлөө ээж, аав минь хөдөлмөрлөсөн, хэрэгцээндээ тааруулан авч чаддаг байсан. Энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцахаас хойш юуг нь хураах вэ, хүүхдүүдээ сэтгэл дүүрэн өсгөж амьдралаасаа өдөр бүр аз жаргалыг мэдрэх л хамгийн сайхан зүйл. Хүүхдүүдийнхээ эрүүл саруул өсөж торниж байгааг харах нь зүйрлэшгүй жаргал гэх гэрийн эзэгтэй Д.Доржсүрэнгийн үг юутай үнэн бэ.

“Дүү нар минь хоорондоо яг адилхан царайтай атлаа бүгд өөр өөр зан ааштай, өвөрмөц ертөнцүүд, сонирхолтой бяцхан хүмүүс” гэж том эгч Анжелина дүү нараа тодорхойлсон.

Ганзоригийн Билгүүнтулга, Анжелина, Жессика, Александр, Жасмин, Тэргүүнтулга, Элизабет, Агниста хэмээх хоёр хүү, зургаан охин бүгд өөр өөр хүсэл сонирхол, найман өөр ертөнц хайр буцалсан халуун дулаан гэртээ аав, ээжийн хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Эх сурвалж: gogo.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Баавар: ”Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцжээ

Ш.Батбаяр буюу Баавар нь 2019 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд ханьтайгаа ярилцан хөдөө гарахаар шийдсэн аж. Мөн хөдөө амьдрахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүкийн мэдээллээс Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг талаар мэдээд “Монголд 20 гаруй жил амьдарч буй гадаадын иргэн Монголд мал маллаж болоод байхад бид өөрсдөө яагаад болдоггүй юм” гэж бодсон гэнэ.

Анх хөдөө ирээд “Манай нэг үхэр төрөөд” гэж явснаа бодвол ч одоо туршлагатай малчин болсон гэлээ. Тэрээр “Ноднин зун 100 орчим хүн хүлээн авсан. Заримынх нь ажил амжихгүй ирж чадаагүй. Манайх хэнийг ч хүлээж авахад үүд хаалга маань нээлттэй. “Welcome to Бааварынх” гэжээ.Мөн “Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна.

Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ орон нутагт амьдаръя гэж уриалъя. “Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин, news.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Цэцэрлэгийн багшдаа БАЯРЛАЛАА

Өглөө 07:00 цагтай уралдан босч охиноо хувцаслаад гэрээсээ яаран гарна. Цэцэрлэгийн хаалгаар охиноо дөнгөж оруулаад л би сэтгэл амар ажил руугаа явдаг. Энэ үед цаг 07:30
Орой 18:00 цагт ажил тарлаа. Ажлын найман цаг, унаа тэргэндээ өнгөрүүлэх цагаа нэмэхээр есөн цагийн дараа би охиноо авахаар цэцэрлэг дээр нь ирдэг.
Өдөржин ардын олон хүүхдийг харж, хоолойн чадлаар шүлэг дуу заасан, хооллож, ундалсан, баалгаж, шээлгэсэн, үсийг нь самнаж, нүүрийг нь угаалгасан, унтуулж орыг нь хураасан, зураг зуруулж, эвтэй тоглуулсан багш ядарсан ч гэсэн надад ялархалгүй “Сайхан амраарай” гэж хэлээд охиныг минь өгдөг.

Багшийн энэ өдөр ахиад л давдагдана. Жилийн 200-н өдрийг охины минь цэцэрлэгийн багш, туслах багшийн хамт яг ингэж өнгөрөөдөг. Гэхдээ мэдээж ганцхан миний охины төлөө биш нийт 40-60н хүүхдийг ингэж хардаг.

Хааяа Бямба, Ням гаригт дүү нарын 4-5 хүүхдүүд манайд цуглахад мөн ч ширүүхэн байдаг сан. Тоглоомоо булаацалдана, хоолоо асгана, хоорондоо муулалцана. Гэтэл ажлын өдөр болгоноор 40-60 хүүхдийн үймээн дунд тэр багш яаж нэг тэсдэг бол доо гэж эрхгүй бодогдмоор. Ачааллыг нь яаж бууруулж, авдаг цалинг нь хэрхэн хангалттай болгомоор юм бэ дээ

Ядаж л цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд минь бүгдээрээ “Баярлалаа, цэцэрлэгийн багшаа” гэж чин сэтгэлээсээ талархцгаая!
Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл түм буман ерөөл дагуулдаг даа.
Бичсэн: Ээж, А. Найгалмаа

ЭЕРЭГ МЭДЭЭ

“Дижитал”-ын Эрка бол 7 хүүхдэдээ маш халамжтай сайн аав

Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка бол дууныхаа үг , аяыг өөрөө зохиодог авъяаслаг , чадварлаг нэгэн. “Чамайгаа санасаар” гэх дуугаараа 2022 оны шилдэг уран бүтээлийн шагналыг саяхан авсан билээ. Энэхүү дуугаа youtube-д оруулаад удаагүй ч аль хэдийнээ 13 сая хүн сонсожээ.

Эрка мөн өмнөх жил “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө ямархуу уран бүтээлч вэ гэдгээ ч харуулаад амжсан.

Хөдөлмөрч , тууштай, авъяастай , чадварлаг дуучин маань мөн тун халамжтай аав. Одоо тэрээр 41 настай ч аль хэдийнээ 7 хүүхдийн аав болжээ. Рок попынхон дотроо хамгийн олон хүүхэдтэй аав юм. Түүнийг хэр сайн аав бэ гэдгийг илтгэх түүний хэлсэн дараах сайхан үгнээс хуваалцая:

Дуучин Эрка: “Хажууд нь дайн болж байхад ч сэрэхээргүй нойроо харамладаг хүн бяцхан хүүгийнхээ аав гэх аяархан нэг дуудалтад яасан миний хүү гэж хариулаад , би ус уумаар байна гэхэд нь сүнс ирээгүй мөртлөө ухасхийн өндийж гал тогооруу алхаж ус аягалж балгуулчихаад хэвтэхэд зөөлөн бумбагар гар хүзүүгээр тэврээд ямар хөөрхөн гээч. Аав байх гэдэг айдагаасаа айхаа болих , айдаггүйгээсээ айдаг болох , Хийдэгээ хийхээ болих , хийдэггүйгээ хийдэг болох… Үрсийнхээ төлөө хичээх ёстой. Аз жаргалууд минь” гэжээ.

Үнэхээр л “Аав байх гэдэг айдагаасаа айхаа болих , айдаггүйгээсээ айдаг болох. Хийдэгээ хийхээ болих , хийдэггүйгээ хийдэг болох… ” гэдэг үг үнэн шүү. Түүний энэ хэлсэн үгнээс түүнийг хэр сайн аав бэ гэдгийг харж болох бизээ. Тэрээр хүүхдүүддээ хоол хийж өгөх тун дуртай аав даа. Түүний хүүхдүүдээ хооллож байгаа жаргалтай зургуудаас хуваалцлаа. Өнөр өтгөн сайхан гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.

ЭЕРЭГ МЭДЭЭ

Э.МӨНХХҮСЛЭН: ЭМЭЭГЭЭ ЗОВООХГҮЙН ТУЛД СУРГУУЛИЙНХАА ЦЭВЭРЛЭГЧЭЭР АЖИЛЛАЖ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ , ХЭРЭГЛЭЭНИЙ МӨНГӨӨ ОЛДОГ

Urug.mn сайтын хамт олон “Их засаг боловсрол, соёл урлагийн их сургууль”-ийн Сэтгэл судлалын ангийн хоёр дугаар дамжааны оюутан Э.Мөнххүслэнг онцолжээ. Түүний хувьд сургуулийнхаа үйлчлэгч, нохой салхилуулагч, цэвэрлэгээний газруудад цагийн ажил хийж сургалтын төлбөр болон хэрэглээнийхээ зардлыг олдог ажээ. Э.Мөнххүслэн охин эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Хайртай эмээгээ өөрөөсөө болж зовоохгүйн тулд цаг минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж, зохиолч болох ирээдүйн мөрөөдлийнхөө төлөө сурч, хөдөлмөрлөж байгаа талаараа ярьсан юм.

Э.Мөнххүслэн: Би 1-р курстээ байхдаа “Эмээ би найзуудтайгаа хоолонд орох гэсэн юм. Мөнгө” гээд л . Тэгээд эмээ маань орой нь мөнгө олоод явуулдаг байсан. Би яаж олсоныг нь ч асуудаггүй байсан. Тэгсэн эмээ маань хөөрхий дэлгүүрээс зээл аваад л надад өгдөг байсан юм билээ. Тэгээд л би өөрийгөө ямар тэнэг юмбэ гэж бодоод ажил хийж эхэлсэн дээ.

Э.Мөнххүслэн: Хотод оюутан болж ирээд байр түрээслэн ганцаараа амьдарч байна. Их засгийн салбар сургуулийнхаа цэвэрлэгээг хийдэг юм. Сургууль дотроо таньдаг хүмүүс дунд учраас , адаглаад намайг шал угаахад дээгүүр нь гарахдаа хатахыг нь хүлээгээд зогсдог хүмүүстэй ажиллах нь надад хамаагүй дээр санагддаг. 00 угаах нь надад огт эвгүй санагддаггүй.

Заримдаа эмээтэйгээ утсаар ярихаа мартчихсан байдаг. Тэр үеүдэд л өөрийгөө завгүй байгаагаа ойлгодог. 18 нас хүрчихсэн өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлагатай хандаад , өөрөө мэдээд шийдвэр гаргаж байгаа байж хэн нэгнээс хамааралтай байгаад байхаар зарчим буруу болчих байх гэж боддог. Тиймээс хэн нэгэнд ачаа болохыг хүсэхгүй байна. Эмээ минь миний ганц хайртай хүн. Ганц хайртай хүн маань надаас болоод зовохгүй байгаасай л гэж хүсдэг болохоос бусад хүүхдүүд ээж ааваасаа мөнгө аваад сурдаг байсан ч зүгээр. Мөнгө өгөх боломжгүй бол өөрөө хичээ. Боломжгүй учраас , хэнч туслаагүй учраас ийм муухай амьдарч байна гэж өөрийнхөө амьдралыг битгий буруу тийш явуулаарай. Яг өөрийнхөө байгаа боломжийг хайрлаарай гэж хэлмээр байна.

“Их засаг боловсрол, соёл урлагийн их сургууль”-ийн захирал Д.Оюунсүрэн: “Мөнххүслэн охиноороо би болон манай сургуулийн бүх багш нар бахархдаг. Онц сурдаг, дээрээс нь сургуульдаа сая төгрөгийн цалинтай үйлчлэгчийн ажил хийдэг. Өглөө 06:00 цагт сургууль дээрээ ирээд цэвэрлэгээгээ хийдэг. Тэгээд шалаа угаахдаа чихэвч хийчихсэн дуулж , бүжиглэж байгаад л ажилаа хийчихдэг их хөөрхөн. Энэ их зөв дадал юм гээд бахархаад байгаа юм. Дээрээс нь “Номын нөхөр” гээд клуб ажиллуулдаг. Ингэж хүмүүжүүлж , төлөвшүүлсэн эмээд нь , сурах арга барилд дадуулсан ерөнхий боловсролын багш нарт нь би маш их баярлаж байгаа. ” гэлээ.

Эх сурвалж: urug.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

М.Золзаяа: “Би өөрийгөө гутлын эмч гэж боддог. Би хэзээ ч гуталчин гэдгээсээ ичиж байгаагүй”

Mass агентлаг “Хүн түүх” нэвтрүүлэгийнхээ энэ удаагийн дугаартаа Гуталчин бүсгүй М.Золзаяаг онцолжээ. Тэрээр 10 жилээ төгсөөд төлбөрийн боломжгүйгээс шалтгаалж их сургуульд сурч чадаагүй ч нэгэн гутлын салонд ажилд орсоноор гуталчин болох түүний түүх эхэлж байжээ. Харин 5 жилийн өмнөөс өөрийн жижигхэн гутал засварын газраа нээсэн тэрээр 100 төгрөгчгүй , оёдолын машинчгүй эхэлж байлаа. Одоо бол намайг 19-ийн Золзаяа гэдгээр маань хүмүүс андахгүй болсоон хэмээн ичингүйрэн ярих энэхүү бүсгүй өөрийгөө гутлын эмч гэж боддог хэмээн үгүйлж байлаа.

М.Золзаяа: 10 жилээ төгсөөд ажил төрөл олдохгүй хэцүү байсан үелдээ , тэгээд зар харж байгаад гутлын салонд ажилчин авна гэх зарын дагуу очиж байсан. Тэрхүү гутлын салондоо 2009 оноос 2014 он хүртэл ажилласан. 2014 оноос хойш өөрөө хийе гэж бодоод , зориод , зүтгээд явсаар байгаад 5 жилийн өмнөөс өөрөө ингээд жижигхэн гутал засвар ажиллуулаад явж байна.

Анх эхлүүлэхэд хэцүү байсан. Оёдолын машин ч байхгүй. Тэгээд оёдолын машинаа авангуутаа сайн оёж чаддаггүй байсан. Өмнөх ажил дээрээ гутал хүлээж авдаг ажил хийдэг байсан. Олон жил харсаар байгаад энийг нь ингэж янзлах юм байна, тэгж янзлах юм байна гээд сайн мэддэг болчихсон. Тэгээд анх энэ ажилаа эхлэхдээ мэддэг л болохоос яг гардаж ажиллаж үзээгүй байж байгаад эхэлсэн. Анх жишээ нь өлмий дээр резин тавиулъя гээд хүн 10,000 төгрөг аваад ороод ирэхэд надад ямарч материал байдаггүй байсан. Би тэгээд цагийн дараа аваарай гэж хэлчихээд урт цагаанруу гүйж нөгөө 10 мянгаасаа резинээ аваад , ирж гутланд нь тавиад тэгээд зөрүү нь миний орлого , тэгж л ажиллаж эхэлсэндээ. Хүн хийгээд байгаа юмыг би яагаад хийж чаддаггүй юмбэ гээд тэгээд би гуталчин болохоор шийдсэн.

Эхэндээ зарим нэг хүмүүс “Ямар сонин юмбэ , гутал засварыг хятад хүн , нэг бол эрэгтэй , нэг бол хөгшин настай хүмүүс л гутал засдаг ш дээ. Эмэгтэй хүн тэгээд бүр залуухан хүн гутал янзалж байна ямар сонин юмбэ гэдэг байсан. Одоо бол намайг хүмүүс гайхахаа байсан. Ер нь энэ хавийн хүмүүс надаар их үйлчлүүлнэ, намайг бүгд мэднэ. Гутал засаж сурсандаа , энэ мэргэжлээр ажиллаж байгаадаа баярладаг. Гутал засахад авъяас шаардана. Тийм болохоор би хийж байгаа ажилаараа бахархдаг. Би өөрийгөө гутлын эмч гэж боддог.

Ер нь би дандаа хүний гуталруу харж явдаг. Энэ гутал ийм байна даа, тийм байна даа, энийг ингэчихвэл зүгээр юм байна даа. Энэ хүн гутлаа янзлуулахгүй юм байхдаа гэж боддог. (инээв)

Хүмүүс магтахад надад хамгийн сайхан байдаг , өөртөө илүү итгэлтэй болдог. Манай найз танайхыг зааж өгсөн юм, манай хүүхэд танайхыг хэлсэн юм гэх мэтээр хүмүүс зориод ирэхэд сайхан байдаг. Тэр үед өөрөөрөө бахархдаг. Ихэнхдээ эмэээ өвөө нар намайг их магтдаг. Аливаа нэг юмыг чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүс , би юу гэж ийм гуталтай зууралддаг юм , хүний баас шээс , шавхай , шалбаагтай юмтай зууралдахгүй гэсэн тиймэрхүү ойлголттой хүмүүс байдаг байх. Би бол тэгж боддоггүй. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй гэж үг үнэн. Мэргэжил бүхэн сайхан. Тиймээс хүмүүс минь ямарваа нэг ажлыг тууштай хийвэл үр шим нь заавал ард нь байдаг юмшүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: mass.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Хэсэг залуус хотоо цэвэрлэж байна. Тэд 600 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэнэ гэнэ

Иргэн: Хэсэг залуус өнөөдөр МУБИС-ын урд талын нүхэн гарцын хоёр бөмбөгөрийг ёстой өнгө ортол зүлгэж угааж цэвэрлэлээ дээ.

Энэ залуус цаашдаа Улаанбаатар хотод байршиж буй 600 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэнэ гэнэ. Хүүхэд багачуудруу чиглэсэн энэхүү арга хэмжээгээ “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” гэж нэрлэжээ.

Нийгмийг өнгөлөх залуучуудад бага ч болтугай дэм болж пост оруулав. Хүмүүст хүрэх тусмаа хүмүүс нэгдэж цэвэрлэгээний ажилд тус болох болтугай. Та бүхэн ч гэсэн уриалж шейр хийгээрэй.

Хүмүүсийн зарим эерэг сэтгэгдэлээс хуваалцвал:

  1. Шинэ үеийн хүүхдүүд шал өөр сэтгэлгээтэй болоод бна шүү. Эх орныхоо төлөө зүтгэх ирээдүй гэрэлтэй байна. Хүүхдүүдээ амжилт хүсье
  2. Сайн санааны үзүүрт тос. Энэ чинь л улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр чинь шүү дээ. Баярлалаа залуус аа.
  3. Шинэ үе маань үргэлж гэрэлтэж яваг ээ. Энэ чинь л эх оронч үзэл хүмүүжил мөн дөө. Баярлалаа залуусаа. Лоозон туг барьж жагссанаас илүү энэ чинь л жинхэнэ эх орны төлөө сэтгэл дэвшил юм баяраллаа залуусдаа.
  4. Мэдрэмжтэй сэтгэлтэй залуустаа хэдэн бээлий өгчих юмсан. Ийм халтар юмыг шууд гараараа хүрч угааж байхыг харах эвгүй л юм
  5. Жагсаал тараахад ашиглах гээд ус шүршигч сүртэй машин байсан. Тэр машинаараа хотоо угаалгамаар байна. Ашиглахгүй зүгээр байлгаж байхаар энэ хотыг угаагаад өгөөч хотын даргаа
  6. Ийм мундаг сэтгэлгээтэй залуусаа монголоос явах юмсан гэж бодтол нь амьдаруулж байна гээд боддоо
  7. Эвийдээ резинэн бээлий өгөх юмсан. Яаж холбогдох вэ? Ийм бохир юмыг шууд нүцгэн гараараа угааж болохгүй шүү

гэх мэт сэтгэгдэлүүдийг хүмүүс хэлж байна.

Эх сурвалж: key.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Тэнгисийн өвөө: “Өдий насан дээрээ би хүн зурж хүмүүсийн хайр талархалыг хүлээснээрээ би өтлөхгүй”

Тэнгисийн өвөө гэх нэрээр олны дунд алдаршсан шог зураач Сүхбаатар гуайг олон нийт андахгүй. Ердөө хэдхэн минутын дотор хүний царай төрхийг цаасан дээр буулгадаг авъяасаа бяцхан бизнес болгожээ.

Д.Сүхбаатар: “Намайг Д.Сүхбаатар гэдэг. Би цэргийн дарга хүн байгаа юм. Цэргийн сургууль төгссөн улсын ажилтан. Хүн ухуулдаг, яриулдаг тийм л мэргэжлийн хүн. Би тэтгэвэрт гархаасаа өмнө зурж эхэлсэн. Хүүхэд байхаасаа зураг зурдаг байсан. Яг хүн зурах ажлыг 1977 оноос эхэлсэн. Одоо би долоо дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Ер нь цөөхөн зураасаар хүн зурна гэдэг бол явдалтай бөгөөд оновчтой зураас зурна гэдэг бол хэцүү. Би үзгэн бал тосон балаар баллуур хэрэглэхгүй зурдаг. 1991 оноос хойш харандаа хэрэглэхгүй зурж эхэлсэн.

Нэг зураас алдахад л хүний дүрс гардаггүй. Би таталбар зургаа маш богино хугацаанд зурдаг ба та 3 минутын дотор сууж зуруулна гээд би хэлдэг. Зуруулж байгаа хүн надад итгээд сууж байгаа, би зурсны дараа дандаа талархал сонсож байдаг. Тэр нь гоё байгаа юм. Өдий насан дээрээ хүнд үйлчлээд, өөрийгөө зохих хэмжээгээр дэмжээд хөдөлмөрийнхөө хөлсийг хүртээд сууж байхдаа хүнээс дандаа талархсан баярласан, хэн ч харамсахгүй байгаа тийм гоё үгийг сонсоно гэдэг чинь урлагийнхан дуулчаад алга ташилт гоё гэдэг шиг дандаа урмаар мялаалгаж байдаг юм. Тэгэхээр би тэр янзаараа хүний баяр, бахдал, хайран дунд умбаж байгаа болохоор өтлөхгүй байх гэж боддог.

Тэнгис кино театрт 5 дах жилдээ зурж байна. Одоо бол нэрээ солиод “Тэнгисийн өвөө” гээд далайчин шиг нэртэй болж авсан. Манайхны ярьдгаар ард түмний гавьяат гэдэг шиг “Тэнгисийн өвөө” болсон байна. Энэ нэр нэлээн нэршиж байна. Энэ надад их таатай байдаг” гэжээ.

Эх сурвалж: Urug.mn

ЭЕРЭГ МЭДЭЭ

Екатрина Өлзийжаргал, Зоригоо нарын хуучны зургууд болон ханийнхаа тухай талархалын үгс

Екатрина буюу Ж.Өлзийжаргал болон түүний нөхөр Б.Зоригт нар Монголын маань хөдөлмөрч гэр бүлийн нэгэн төлөөлөл билээ. Тэд сошиалд нилээд идэвхитэй байдаг учраас тэднийг танихгүй хүмүүс ховор. Тухайлбал ТӨМС ЗОРИГОО гэх үг тэдний хөгжилтэй сошиал бичлэгнээс үүдэлтэй.

Саяхан хосууд маань шинэхэн үрээ өлгийдөн авсан ба тэрээр охин үртэй болсон билээ. Сайхан хосынхоо хуучны ховор зургуудаас хуваалцахын ялдамд Ж.Өлзийжаргалын хань Зоригоогийнхоо тухай хэлсэн сайхан үгнүүдээс хуваалцая:

Ж.Өлзийжаргал: “3 цаг тасралтгүй хэрэлдэж хэрэлдэж ер нь тэгээд өөр яаж ч чадахгүй хэрэлдээд л байхыг , “Салъя” гэж хэлчихээд дотроо бол битгий яваасай надаас бүү холдоосой гэж бодохыг , Үнэн зохилдлогогүй хувцаслаад, үс гэзэг нь дэлбэрсэн байхыг харснаа “хөөрхөн шүү” гэж бодохыг Муудалцчихаад залгахад нь авахгүй гүрийсээр байгаа мөртлөө “ахиад ганцхан залгачих” гэж бодохыг , Утасаа оролдоод тоохгүй байвал намайг тоосонгүй гэж гомдож тунирхаж байн байн муухай харж цэхэн цохон хийхыг , Хардуулж харамлуулмаар байхад “итгэдэг” гээд тоохгүй үед хөлдүүг нь гайхахыг , Нас нь явчихсан мөртлөө нүдэнд “бацаан” шиг л харагдаад байхыг , Харах болгонд инээд хүрээд баярлаад байхыг , Хийсэн хоол нь амтгүй ч хичээж хийсэн шүү гэж амтархан идэхийг , Хамгийн сайхан хүнийг өөрийн болгосон юм шиг санагдахыг , Хамтдаа насан туршдаа хэрэлдэхдээ хэрэлдээд, инээхдээ инээгээд амьдармаар санагдахыг ХАЙР гэдэг”

Ж.Өлзийжаргал: “Би чиний анхны үнсэлт, анхны бүсгүй, анхны болзоо чинь байх албагүйч Чиний сүүлчийн гэсэн бүх ҮНЭ ЦЭНЭТЭЙ зүйл чинь байхыг хүсдэг”

Ж.Өлзийжаргал: “Унаад босохын хооронд хичнээн хүн урваж хичнээн хүн үлдэхийг харах завшаан тохиодог. Тэр үед үлдэх хүн хүний ХАНЬ л үлддэг юм шүү”

Ж.Өлзийжаргал : “Эрэгтэй хүн халамжтай байж чадвал , Эмэгтэй хүн аашгүй байж чадна”

Ж.Өлзийжаргал: “Мөнгөтэй баяндаа бус ХАНЬ сайтай нь ЖАРГАДАГ хорвоо”

Ж.Өлзийжаргал: “Яахав би чадвал чадна л даа. Гэхдээ чи хажууд байгаа болохоор дадку дадкун байна би юу ч дадкун бии”

Ж.Өлзийжаргал: “Миний нар , сайн хань сайхан залуу минь би чинийхээ дэргэд байхад хамгийн ихээр тайван байж чаддаг. Миний үргэлжийн үнэнч дэмжигч чамдаа хайртай шүү. “

Ж.Өлзийжаргал: “Хэрэлдээд алалцаад муу муухайгаа харуулаад байгаа хирнээ хайрлаал байж байдаг хүнийг ХАНЬ гэнэ”

Ж.Өлзийжаргал: “Сайн бүсгүйтэй учирсан эр хүн далавчаа дэлгэн дүүлэн нисдэг гэнэ , Сайн эртэй учирсан бүсгүй хүн үзэмж гоо цэцэг болон дэлгэрдэг”

Ж.Өлзийжаргал: “Миний ХАМГИЙН ЗӨВ бөгөөд ЗЭВҮҮН сонголт ХАНЬ минь юм”

Ж.Өлзийжаргал: “Амьдралдаа ойлгож авсан хамгийн том сургамжаа хэл гэвэл Хүний хань гэдэг найз , ах дүү , халамжит нөхөр , дүү , хамаатан ер нь бүхнийг оролдог шидтэй юм байна .” гэх мэт сайхан үгсийг ханьдаа зориулж бичиж байжээ.

ЭЕРЭГ МЭДЭЭ

С. Бадамцэцэг үндсэн ажлынхаа хажуугаар хүүтэйгээ обой нааж хөдөлмөрлөж байна.

Иргэн С.Бадамцэцэг нь хувийн компанид хүний нөөц, операторын ажил хийдэг бөгөөд үүнийхээ хажуугаар айлын обой нааж маш завгүй амьдардаг хөдөлмөрч эмэгтэй ажээ. Обой наах захиалга ажлын өдрүүдэд орж ирвэл ганцаараа ажилладаг, харин амралтын өдөр хүүхдүүдтэйгээ хамтран ажилаа хийдэг байна.

Тэрээр 13-14 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ээж бөгөөд 2 хүүхдээ хүний дайтай өсгөхийн тулд түүнд хийж үзээгүй ажил байхгүй гэнэ. Тэрээр барилгын гадна пасатанд ганцаараа ажиллан олон барилгын бүтээн байгуулалтанд оролцжээ. Барилгын ажлыг ганцаараа хийх хэцүү учраас хүүхдүүд нь хичээлийнхээ хажуугаар ээждээ тусалдаг. Хүү нь обой цавуудах, зүсэх, шат өргөх зэрэг туслах ажлуудыг хийдэг бол охин нь тогооч хийдэг ба 2 хүүхэд нь ээжээсээ мөнгө авалгүй өөрсдийн хэрэгцээний мөнгөө олдог байна.

С.Бадамцэцэг: “Хүмүүс намайг маш завгүй байгааг минь хараад их мөнгө олж байна гэж боддог. Үндсэн ажлынхаа хажуугаар 7 хоногт 1-2 удаа обой наах захиалга орж ирвэл хүүтэйгээ хамт хийдэг. Олсон мөнгөө түрээсийн байрныхаа төлбөр гээд бусад олон зарлагадаа зарцуулдаг. 2 хүүхэд минь надад маш их тус хүргэдэг. Би хоёуланд нь хөдөлмөрийг нь үнэлж цалинг нь өгөөд, хүүхдүүд минь хичээлийнхээ ном бусад хэрэгцээгээ болгож надаас мөнгө авдаггүй” гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ: ” Хийх ажил бол зөндөө байна шүү дээ. Эр нь ч бай эм нь ч бай одоо ер нь бэлэн юм хардаг болсон байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй , зүгээр сууж байгаад мөнгө олох сонирхолтой болчихсон санагддаг. Үгүй шүү дээ. Хүн хөдөлж л байвал юу ч хийсэн яадаг юм. Би шөнийн 3,4 цаг хүртэл обой наагаал , хонож өнжчихөөд маргааш нь наагаал явдаг. Би амьдралдаа ажилаа тасалж үзээгүй. Би их завгүй байдаг. 3-4 төрлийн ажил хийдэг. Бараг найз нөхөдтэйгөө уулзаад хоол идэхч завгүйл байдагдаа. Нэг өдөр зогсвол миний амьдрал зогсох юм шиг санагддаг” гэжээ.

Эх сурвалж: c1 телевиз

error: Content is protected !!