Uncategorized

УЛААН ПАНСАН ТЭРЛЭГ

-Охиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан монгол дээлтэй явалгүй яахав. Муу аав нь байсан бол яасан их баярлах бол доо.

-Дээлээр яах юмбэ ээж ээ. Торго морго олдохгүй. Тэгээд ч хичээлдээ юугаа өмсөнө гэж байхад юун дээл мээл вэ, ээж.

-Ромбоо зүүхдээ дээлээ өмсдөг юм байна лээ шүү дээ.

-Хаа ч байсан ромбо зүүх. Дөнгөж нэгдүгээр курст явах гэж байхад.

-Их дэлгүүрийн өндөр үнэтэд дугуй хээтэй сайхан ухаа улаан хятад торго байна лээ. Дөрвөн зуу байхад миний охинд тэрлэгний торго авч хүрнэ. Миний охин ч нуруулаг хүн шүү гээд ээж нь охиноо бахдан харна.

-Юу? Дөрвөн зуу? Тэгээд хийлгэх хүндээ баахан мөнгө өгнө. Эмжээрийн хоргой , дотор авна гээд бараг зургаа , долоон зуу болох нь. Тэр мөнгөөрөө захаас ганц жийнс авч өмсөөд явмаар байна , ээж минь.

Эхийн санаа үрд , үрийн санаа ууланд гэж…

…Үүрийнтуяа дээврийн хонгилын муу өрөөндөө бодолд автан суухдаа зургаан жилийн өмнө ээжтэйгээ гал тогооныхоо өрөөнд суучихаад ийнхүү ярьж байснаа нэхэн санаж өөртөө гомдож , гэмшихийн хажуугаар элэг зүрх эмтрэм гунигт автаж байлаа. Хоёр жилийн өмнө ээж, дүү нар , эх орон , элгэн саднаа гэх хамаг ухаан бодлоо умартаж , ганцхан зүрх сэтгэлдээ захирагдан хайртай залуугаа дагаад Москвагийн онгоцноос бууж байхад долдугаар сарын нов ногоон Ром хот газрын диваажингийн дүрээр угтаж билээ. Харин өнөөдөр Үүрийнтуяа энэ харь газрын диваажингийнхаа нэгэн бөглүү мухарт цагаачид хөлхөлдсөн ядуусын хорооллын хамгийн доод зиндаанд орчихсон мансаард гэх дээврийн умгар муу өрөөнд толгой хоргодож байна. Эргэн тойронд Грек , Перс , Афган , Польш , Хятад голдуу цагаачдын харь хэлээр шулганалдаж , хажуу өрөөний Аргентин эр эм хоёрын чанга чангаар хэрэлдэх , аль нэгэн өрөөнд хүний нутагт төрсөн золгүй нялх амьтаны ээрэн бархирах , гудамжны чимээ шуугиантай холилдон ганцаардал , харамсал гунигаар өвдөн ёолж буй эмзэгхэн сэтгэлрүү нь мэсээр хатгах мэт тээртэй байлаа.

Монголоор ярихыг л ганцхан удаа сонсох юмсан.

” Хэнтий хангай Сияны өндөр сайхан нуруунууд

Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуруунууд”… тэр Монгол хэлээ мартахгүйн тулд , бас эх хэлээрээ өөрийнхөө ярихыг ч болтугай сонсохын тулд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг ганцаараа дүнгэнэтэл уншдаг болоод уджээ. Өөр шүлэг уншъя гэхнээ мэдэхгүй нь гачлантай. Энэ сайхан шүлгийг Монгол хүн бүр цээжээр мэддэг биз. Аа бас

“Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа өлгий минь гэж санадаг…” гэсэн бас нэг шүлгийг мэдэх боловч цааш нь санах гэж ой ухааныхаа мухар бүрийг тэмтчээд эргэн санаж чадаагүй.

Анх Ромд ирчихээд эртний гайхамшигт уран барилга , үзэсгэлэнт ногоон модод , энэ насандаа хэзээ ч үзээгүй гайхам дэгжин эрээн мяраан хувцас хунартай хөгжөөнтэй , чинээлэг хүмүүс , нүд булаам ганган машинууд ер юм бүхэн нь гайхамшгийн дээд юмшиг л санагдан , төрж өссөн Улаанбаатар нь барууны ертөнцтэй жишихийн аргагүй буйдхан , өнгөгүй даржин санагддаг байж билээ. Анжело гэдэг Италт залуутай хувь тавилан түүнийг учруулаагүйсэн бол? Амьдрал нь тэс өөр зам даган одож , өдийд эх орондоо , элгэн садныхаа дунд , сайхан нөхөртэй , хөөрхөн үр хүүхэдтэй болчихсон жаргаж явах л байсан байх.

Москвагийн нэхмэлийн дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Монгол бүсгүй Анагаахын дээд дээр болсон үдэшлэгт очоод долгиолог хар үстэй , цоргисон нүдтэй Итали залуутай учирсан юм.

Үүрээ гадаадын оюутан болж Москвад хөл тавих хүртэлээ өөрийнөө царай зүсээр гавих юмгүй , харин толгой сайтай нь яамай даа хэмээн боддог байжээ. Өндөр чацархаг бие, борхон царай , өргөндүү нүүртэй , даруухан гэхэд дэндүү даруу хувцастай түүнийг сургууль дээр нь хэзээ ч хөөрхөн охидын тоонд оруулж байсангүй. Найз охидынхоо хайрын захиаг зөөж , олон хөвгүүний сэтгэлийг татдаг Урнаа найздаа битүүхэндээ атаархаж явсан түүнийг Москвад ирмэгц гадаадынхан эргүүлж гардаг байгаа. Сурагчийн хүрэн даашинз , хоёр салаа гэзэг, даруухан зангийнх нь цаана нуугдсан үзэсгэлэн одоо л цэцэглэх нь тэр. Урт гэзгээ мөрнийхөө орчмоор тайрч , сайхан ташаа , уран бэлхүүсийг нь тодруулсан оготор даашинз өмсөөд галтай хар нүднийхээ сормуусыг дэрвийтэл нь будчихсан чинь жинхэнэ ганган Ази бүсгүй , дорно зүгийн дагина болон хувирчээ. Наяад оны Москва гэж , чамин тансаг хувцас хунар ховор ч Брежневийн зогсонги байдал гэгдэх аядуу , налгар , хүмүүс нь найрсаг , зочломтгой , амар тайвны өлгий байсан үе.

Анхандаа Үүрээ Итали залууд нүүр өгөхгүй байлаа. Үүрээ , Үүрээ хэмээн гүйлдэх Араб , Афган залуусаас залхаж гүйцсэнийг ч хэлэхүү . Өнгөрсөн жил нь Монголоос буцаж явахдаа галт тэргэнд танилцсан Ивановт цэргийн сургуульд сурдаг гэсэн Бадрал гэдэг жавхаалаг сонсогч залуу таалагдаад байсныг хэлэхүү. Анжело түүнийг “Тал нутгийн цэцэг” хэмээн нэрлэж , оюутны байрных нь гадаа найзуудтайгаа ирж , Итали халуун цус нь хөөрч , дурласан бүсгүйнхээ сэтгэлийг татах гэж өвгөдийнхөө заншлаар цонхон доор нь хайрын дуу дуулан , сайхан лиш , цахирмаа цэцэгсийн баглаа шидэлсээр санасандаа хүрчихсэн юм. Пинтүү үс , цэрэг хувцастай , шанаархаг сонсогч аажмаар мартагдан , хөх жийнс , саравчтай малгайтай , хөгжөөнтэй дүрсгүй Итали залуу зүрхэнд нь хүч түрэн ороод иржээ. Зовлонтой ч хайр байж. Одоо бодоод байхад Үүрээ энэ хайрын явдалаас цагийг нь олж биеэ татаж авсан бол дээр байсан юм. Хүний нүднээс нууж хайрлан дурлалцана гэдэг жинхэнэ там юмшиг атлаа энэ зовлон руу сэтгэл улам татагдана. Хөрөнгөтөн орны хүнтэй үерхэж , хувийн харилцаа холбоо тогтоох юм бол сургуулиас хөөгдөж ч магадгүй байсан болохоор бүсгүй Анжелогийн хөлсөлдөг хоёр өрөө байр руу нууцаар очиж , аль болохоор Монголчуудын нүдэнд өртөхгүйг хичээн , өөртөө үйлчилдэг дэлгүүрээс чихэр жимс хулгайлсан хулгайч шиг л явдаг байлаа. Бүсгүй хорондоо хичээлдээ сайн сурч байлаа. Дөрөвдүгээр курстээ технологийн чиглэлээр суралцагч оюутнуудын бүх холбоотын илтгэлийн уралдаанд шалгаран Ленинград явах гэж байтал Монголын элчин сайдын яаманд дуудагджээ. Тэр өдөр Үүрээг Ленинград явах болсон тухай баярт мэдээ сонссоны бэлэг болгож Анжело эцэг эхдээ ч дуулгалгүйгээр Москвагийн Лениний районы гэрлэлтийн товчоонд очоод бүртгүүлчихлээ. Анжелогийн гэрчээр хаа ч салахгүй хамт явдаг , цонхон доорх хайрын дууных нь хослон дуулаач Роберто орж , Үүрээ гудамжаар явж байсан танихгүй , дунд хэрийн насны эрээ цээргүй харцтай Орос эмэгтэйг өөрийнхөө гэрч болохыг гуйж билээ. Санаандгүй тохиолдолоор тэр хоёрын иргэний гэрлэлтийн гэрч болсон тэр эмэгтэйн нэр хэн гэдэг байсныг ч мэдээгүй өнгөрсөнтэй адилхан энэхүү гэнэтийн шийдвэр нь санаандгүй золгүй явдалын эхийг тавих байсныг хэн ч тааварлаагүй юм.

Тавдугаар сарын эхэн. Ялалтын баярын гоёлоо өмссөн Москвагийн сүр жавхлант гудамжаар бүсгүй уйлан хайлан , бялуу , оргилуун дарс барин зөрөлдөх сая сая Москвачуудын дунд ганцаараа уй гунигт автан гэлдэрч явлаа.

“Хөрөнгөтөн орны хүнтэй хувийн харилцаа холбоо тогтоон зөвшөөрөлгүйгээр гэрлэсэн нь МХЗЭ-ийн гишүүний зан суртахуунд үл нийцэх үйлдэл болсон учир сургуулиас нь хөөж , суралцах хугацааны зардлыг нөхөн төлүүлсүгэй.”

Хүсэл , мөрөөдөл , амьдралын баяр баясгалан , урам зориг дундуур нь тас цохисон ийм шийдвэрийг дуулгах гэж л элчин сайдын яамны ажилтан , хайхрамжгүй харцтай , харваас хүнд сурталтан ахимаг насны эр түүнийг дуудуулсан байж.

Муу ээждээ юу гэж хэлнэ ээ? Хөөрхий өнчин хоёр дүү нь. Бурханы оронд одсон аавынхаа нэрийг ингэж муу муухайгаар дуудуулах гэж. Өөрийг нь сургуульд явахын урьд өдөр хүний нүд хариулан ганданд очиж хийморийн сан тавиулаад ирсэн буурал эмээ нь энэ тухай дуулаад яах болж байна?

Хүнийг хайрлана гэдэг нь ийм айхтар хүнд гэмт явдал юм гэж үү?

Санаа бүү зов. Би маргааш дипломоо хамгаална. Үеэл ах маань чамд урилга ирүүлсэн. Хамтдаа Итали явцгаая. Хүний хувийн амьдралд хэн ч оролцдоггүй чөлөөт ертөнцөд амьдарч үз. Би чамайгаа жаргаанаа.

Анжело тийнхүү Үүрээг тайтгаруулав. Үүрээгийн хувьд “Италийн иргэнтэй Зөвлөлтийн хуулиар бүртгүүлсэний улмаас нэхмэлийн дээд сургуулиасаа хөөгдсөн” нь урт хугацааны виз авахад хангалттай шалтгаан болов. Ингэж л тэр Ромд буусан юм. Бүсгүйн хувьд зүрхээ дагаад хамаг бүхнээ хаяад хамт ирсэн хайртынхаа хэлээр “Grazie-баярлалаа , scusi-уучлаарай , signorina-эмэгтэй , perche-яагаад гэсэн хэдхэн үгтэй л онгоцноос буужээ.

Үлгэрт Үнсгэлжин эхлээд зовлон туулж эцэстээ амар сайхандаа жаргадаг. Италт дахь Үүрээгийн амьдрал Үнсгэлжингийн үлгэрээс эсрэгээр өрнөв. Ром дахь амьдралын эхний сарууд үлгэрийн юмшиг , ер нь хэрсүүхэн хүнд нэг л сэжигтэй гэмээр дэндүү сайхан байснаа эцэстээ хамгийн тааруухан хувилбараар үргэлжилсэн юм.

Анжелогийн аав нь хүүгийнхээ Оросоос дагуулж ирсэн , хэн нь үл мэдэгдэх , гарал угсаа нь сэжигтэй Ази бүсгүйг харахыг ч хүссэнгүй. Ээж нь олон жилийн өмнө ааваас нь салаад Францад суурьшсан гэдгийг нь энд ирээд л сонсов. Цаашдын ирээдүйд нь зайлшгүй сүүдрээ тусгахаар энэ таагүй байдлыг шинэхэн хосууд эхэндээ тоосонгүй. Гарда нуурын эрэг дээрх тансаг сууцнуудын нэгэнд унтлагын хоёр , зочны , угаалгын хоёр өрөөтэй Үүрээгийн хувьд гоё тансагийг нь гайхсандаа удтал алмайрахад хүргэсэн сайхан байр хөлслөн амьдарч эхэлжээ. Анжело Италид ирсэн эхний сарыг түүнд алдарт Колизей , гэгээн Климентийн сүмээс эхлээд эртний түүхт Ромын гайхамшгуудыг үзүүлэн зугаалж цэнгэхэд зориулав. Бүхээгий нь задгайлсан “Ferrari” хөлөглөн тас хар гэзэг намируулсан Ази бүсгүй дэргэдээ суулгаад хурдны замаар давхих нь түүний хамгийн дуртай цэнгэлийн нэг байлаа. Сарын дараа нөхөр нь Ромын нэгэн том эмнэлэгт ажилд орж , бүсгүй түүнийгээ хүлээж уйтгарлан суухдаа төрсөн гэр , ээж , дүү нараа үе үехэн санан гуниглаж эхлэв. Анжело бол үе дамжсан эмч , Ромын нэлээд дээгүүр зиндааны айлын ганц хүү байлаа. Ээжийнхээ салхи мэт хөнгөн занг авч , аливаад сэтгэлийн хөдлөлөөр ханддаг , хожмын ирээдүйгээ бодох ч дургүй , өөрийнхөөрөө байхыг хүсдэг ч гэр бүлийнхээ өв хөрөнгөнөөс хүртье гэвэл дураараа дургих толгой байхгүй хүн гэдгийг нь Үүрээ удалгүй ойлгож эхлэв. Эх нутаг , элгэн саднаасаа холдон зангийг нь мэдэхгүй хүн дагаж , ёсыг нь гадарлахгүй харь газар ирсэн бүсгүй битүү айдаст автаж , өмнө нь нэг л асар том ангал харлаж байгаа юмшиг мэдрэмж төрөх болжээ. Аажим аажмаар Анжело өдөр ажлаасаа утасдахаа больж , гэр рүүгээ ирэх цаг нь улам улмаар оройтон сунжрах болж , хайр халамж нь хөрч эхэллээ. Үүрээд ч дэлгүүр хэсч хувцас цуглуулахаас илүү ганцаараа цонхоор ширтэн Гарда нуурын цэнхэр мандалыг ширтэн гэр орон , муу ээж , эмээгээ , нагац ах нар , “подушкан” дээр угаалгасан аавынх нь зураг тавиастай хуучин хүрэн шүүгээ , ганц муу буйдантай умгар давчуу ч сэтгэлд дотно зочны өрөөгөө сэтгэлдээ ургуулан бодолд автан суух нь сайхан санагдах болсон үе иржээ. Ромд ирсэнээс хойшхи зургаа дахь сар. Зул сарын баяр өнгөрч , үлгэр мэт сайхан амьдралд нь ч төгсгөл ирж байгааг бүсгүй нэг л битүүхэн зөгнөөд байлаа. Үүрээг гэртээ буйдан дээр суугаад юм нэхэж байтал утас гэнэт жингэнэв. Бондгосхийтэл цочсон бүсгүй цаг руу хялам хийгээд “Анжи л өнөөдөр оройтох нь” гэх гэж утасдаа биз хэмээн бодоод харилцуураа авлаа. Яагаад ч юм зүрх нь мууг зөгнөх мэт түгшин ёгхийлээ.

-Үүрээ сайн уу? Би Роберто байна.

-Сайн уу? Яаж намайг санаж утсаар ярив аа? Чи Москвагаас хэзээ ирээ вэ?

-Удаагүй ээ. Түрүү долоо хоногт. Уучлаарай, чамд муу мэдээ дуулгах нь.

-Юу болоов? Анжи юу?

-Тийм ээ. Тэр өнөө өглөө осолд орсон.

-Тэгээд амьд уу? Бурхан минь

-Амьд аа амьд. Чи овоо бурханд итгэдэг болоо юу?

-Надад яагаад ийм орой хэлж байгаа юм бэ?

-Би сая л сонсоод чамруу утасдаж байна шүү дээ.

Чи санаа зовох хэрэггүй. Аав , ээж нь гээд цаадхид чинь санаа тавих хүн зөндөө байна.

Боломж л олдвол хошигнож , өөрөөр нь тоглоом тохуу хийж байдаг энэ залуугийн хоолойд урьдынхаас нэг л өөр санаа зовсон ч юмшиг хачин өнгө байгааг анзаарахгүй өнгөрч чадсангүй нуруугаар нь хүйтэн юм гүйх шиг болоод явчихлаа.

-Би түүн дээр очмоор байна. Тэр тэр… хаана байгаа юм бэ?

-Жеммели эмнэлэгт. Гэхдээ ээж нь түүнийг өнөө орой Францруу авч явахаар онгоцны билет захиалсан гэсэн. Гэр бүлийхэн нь энэ тухай чамд дуулгахыг надаас хүссэн юм. Мэдээж тэр биеэ сайжрахаар чамруу утсаар ярих байх аа. Бүү санаа зовоорой, Үүрээ. Чао…

-Роберто!!! Тэр утсаа тавьчихжээ.

Нэг л мууг зөгнөн сэтгэлдээ дүрслээд байсан ангал руугаа унах нь энэ. Тэр шөнөдөө бүсгүйн нойр хүрсэнгүй.

Хүний нутагт гав ганцаар хоцрох гэдэг элчилгүй зэрэм хээр талд төөрснөөс ялгаагүй мэт.Анжело эргэж ирэхгүй гэдгийг зүрх сэтгэл нь мэдрээд байлаа. Москвад батлуулсан тэр хоёрын гэрлэлт Италийн хуулиар хүчин төгөлдөр биш гэдгийг арваад хоногийн өмнө хэрэлдэхдээ Анжело хэлсэн. Бас түүнтэй гэрлэх юм бол аав ээжээсээ сохор зоос ч өвлөн авах эрхгүй , гуйлгачин болж хувирна гэж байсан. Бас , бас…”Зүгээр л сэтгэлийн хөдлөлөөрөө гэрлэж байдаг би яасан тэнэг хүн бэ? Миний энэ тэнэг өрөвч сэтгэл намайг дандаа ийм тэнэг байдалд оруулж байх юм” гээд өөрийгөө зүхэж байсныг эргэн санав.

-Бид хоёр нэгэндээ хайртай юмчинь өв хөрөнгөгүйгээр амьдарч болно шүү дээ хэмээхэд нь:

-Чи өөрөө солих хувцаснаас өөр юу ч үгүй байсан болохоор тэгж бодож байна. Итали бол коммунист Оросын дагуул. Танай нүүдэлчин тэнэгүүдийн орон биш гэдгийг санаж яв гэж байсан. Бас “Хайр гэж юу юм бэ? Эрүүл ухаан хязгааргүй хайр хоёр хамтдаа оршин байдаггүй юм” үүнийг санаж яв гэж хүйтнээр хэлээд гараад явчихсан.

Тэгэхээр Анжело осолд ороогүй ч байж магад. Ерөөсөө л тэнэг нүүдэлчин удамт хүүхнээс салах гэсэн арга байх нь. Үүрээ , Үүрээ чи харин яасан үйлсгүй тэнэг хүн бэ? Үнэндээ өнөөдрийг хүртэл өөрийнхөө эр нөхөр , нэгэн биеийн хань , нимгэн дээлийн минь давхац хэмээн итгэж найдаж , хамаг бүхнээ харамгүй өгсөн хүнээ огтоос мэддэггүй байснаа тов товхон ойлгож , цээж нь нэг бодлын хөндий хоосон цаасан хайрцаг мэт , нэг бодлын хэдэн тоннын чулуугаар дүүргэчихсэн мэт хүндрэн байлаа.

Хэд хоногийг гэртээ ганцаараа уйлж унжиж , үлгэн салган өнгөрөөгөөд тэр ухаан сэхээ оров. Түрийвчтэй мөнгөө тоолж үзэв. Байгаа мөнгө нь ердөө л 200 рубльтэй тэнцэх хэдэн ливр. Москвад хоёр сар амьдарч болох энэ мөнгөөр Ромд долоо л хонох биз. Үүрээ гарч сонин худалдаж аваад ажил хайж эхэллээ. Тэгээд гэрээсээ холгүй байх чинээлэг айлд үйлчлэгчээр ажиллаад хэдхэн хонож байтал оройхон хонх дуугарав. Сэтгэлд нь “Анжи!” гэсэн горьдлогын гэрэл манасхийн гүйсээр очин хаалгаа нээтэл огт танихгүй залуу зогсч байв. Харваас хайш яйшхан хувцастай тэр залуу илт Грек аялгаар:

-Сенорьа , таньд үүнийг нэг ноён дамжуулаарай гэсэн юм гээд дугтуйтай юм өгч мэхэсхийгээд юм асуухын зуургүй алга болоод өгөв. Дугтуйд нэлээд их мөнгө хийсэн байв. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт хойноос нь гүйн гарвал такси дөнгөж хөдөлж байлаа. Арын суудалд нь хар шилтэй нэгэн хүн суугааг халти хараад л өнгөрөв. Харин тэр машины хажууд байх түшлэгтэй сандалын дэргэд дутуу татсан “Camel” янжуур хэвтэж байгаагаас үзвэл Роберто ирж мөнгө дамжуулаад өөртэй нь уулзахыг хүссэнгүй яваад өгчээ гэсэн үг. Анжелогийн найз түүний улаан нүүрийг нь харахаас ичсэн байх нь.

Байрны даамалтай уулзвал сарын дараа төлбөрийн хугацаа дуусна гэдгийг хүйтнээр мэдэгдэв. Орох оронгүй болох өдөр хаяанд ирж байна гэсэн үг. Ердөө л зул сарын баяр гэхэд бүсгүй энэ тансаг хорооллоос нүүх ёстой болжээ. Салганасан гараар толгойгоо барьж , хайрын үлгэр нь базаахгүйхэн төгсгөлдөө ойртсонтой анх удаа л эвлэрч , Ромын налгар сайхан намрын энэ өдрүүд зэвэргэн салхиар үлээх мэт сэтгэл нь хөндий хүйтэн оргиж байлаа.

Цагаачид голдуу ядуусын хороолол дахь тохьгүй заваан өрөө, айлаас айл дамжсан зарц , үйлчлэгчийн ажил , ээж , дүү нар , эх орноосоо ганц ч сураг чимээгүй ганцаардмал уйтай амьдрал дуусашгүй мэт үргэлжилнэ.

Хавар. Дурлалт хосууд тэврэлдэн зугаалах Ромын гайхамшигт хавар ч уй гунигийг нь нимгэлсэнгүй. “Одоо Улаанбаатарт шороо босч , хүмүүс хаврын субботникт гарч байгаадаа. Ээж ХИД-1д маханд оочирлоод , дүү нар хаврын ажил гээд хичээлгүй гар нь саарьтчихсан гүйж яваа биз” Эх нутгаасаа хол байхад шороон шуурга , дэлгүүрийн могой шиг тахиралдсан урт оочир гээд урьд нь цухал хүргэдэг байсан юмнууд нь хүртэл сэтгэлд дулаахан санагддаг юм байна гээч. Анжелогоос дахин ганц ч удаа сураг гарсангүй. Хүний газар дагуулж авчраад золбин нохой шиг хаяж одсон түүнийг үзэн ядах ёстой атал сэтгэл нь үе үе үгүйлэн санахаа болихгүй л байлаа.

Тавдугаар сарын нэг өглөө хэвлийгээр нь тэсэхийн аргагүй хатган өвдөхөд нойрноос сэрлээ. Ромд хөл тавьсанаас хойш гурван жил нисэх мэт өнгөрчээ. Юу өвддөг байнаа? тэсээд ажилдаа явья гэтэл чадсангүй.

Эмнэлэгт ухаан орлоо. Мухар олгойн хурц үрэвсэл гэнэ. Бага сага хураасан мөнгөө эмнэлгийн төлбөрт өгөөд долоо хоногийн дараа тамирдаж цонхийсон амьтан гэртээ гарч ирлээ. Сэтгэлийн шархнаас болсон уу , мэсний шарх нь аньсангүй ажил хийх аргагүй гэртээ хэд хонов. Ингэж суухдаа анх Ромд ирээд Анжелогийн авч өгсөн Кармений хувцастай гоёмсог хүүхэлдэйг хараад Монгол дээл хийж өмсөөд гуйлга ч хамаагүй гуйхаар шийдэв. Тэгээд бушуухан гэртээ л харьдаг хэрэг. Адуу хүртэл эх нутгаа тэмцэн тэнгэрийн одоор баримжаалан түмэн бээр газар гүйдэг байтал…

Хөөрхий ээж нь охиныхоо төлөө юу бодож суудаг бол доо. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болсон охин үрдээ сэтгэл зовж цээжний махаа барж суугаа нь мэдээж.

“Охиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан монгол дээлтэй явалгүй яахав” гэж байсныг нь санан “Нээрээ улаан дээл хийж өмсдөг хэрэг” хэмээн санаа шулуудаж шүүгээнээсээ улаан пансан халаадаа гарган ирж саван зорон эсгүүр зурж эхэллээ. Урьд нь дээл яаж хийдгийг сонирхох нь бүү хэл хөдөөний юмуу , хөгшин хүний хувцас гээд тоож өмсч үзээгүй хүн нэг л өдөр цээжний бангаар тэрлэг эсгэнэ гэж бардаггүй ажил байлаа. Тэгснээ больж хямд байр хайхаар худалдан авсан сонингоо авчран янз янзаар эсгэн эвлүүлж үзсээр маргааш нь тэрлэгээ эсгэж чаджээ. Хамгийн үйл барсан ажил захны ухлаадсыг гаргах л байв.

Нэг удаа аанай л ганцаараа дэлгүүрээр явж байгаад өргөн халхгар ханцуйтай шагай хүртэл намирсан улаан пансан халад аваад Анжелод өмсч үзүүлэхэд:

-Гоё л юм байна. Гэвч яасан урт юм? Чам шиг сайхан хөлтэй хүүхнүүд богинохон юм өмсвөл илүү дур булаам харагдана шүү дээ гээд хормойг нь дээш нь шууж байсан нь санагдаж өнөөх халаадыг улам л хорсолтойгоор тас тас хайчлан эсгэж суулаа.

Сайн аньж гүйцээгүй мэс заслын шарх нь хөндүүрлэхийг ч тоосонгүй хоёр өдөржин оёж улаан пансан тэрлэгээ гараас гаргалаа. Монгол бүсгүй байж дээл эсгэж оёж сурах нь ч яав. Хөөрхий ээжийнхээ үгэнд ороод ухаа торгон дээл хийлгэж аваад гарах нь ч яав даа, даанч гэсэн харуусал сэтгэл зүрхийг нь урна. Амьдалд ам гарч болдоггүй ажээ.

“Би Монгол хүн. Надад нутагтаа буцах мөнгө хэрэгтэй байна. Тусална уу.” гэсэн пайз зүүсэн улаан пансан тэрлэгтэй Монгол бүсгүй Ромын төв дэх Навонны талбайд суугааг харсан Зөвлөлтийн элчингийн эмэгтэй Москваруу мэдэгдсэнээр долдугаар сард Үүрээ элэг нэгт Монгол хүний бараа харчээ. Гурван жилийн өмнө бас л долдугаар сард Ромд хөл тавьж байж билээ. Бүсгүй Ром-Москвагийн онгоцонд суухдаа харь нутаг диваажин байсан ч сэтгэл тогтдоггүй юм байна даа хэмээн бодож “Баяртай Ром. Би харилаа. Сэрүүн салхи сэнгэнэсэн Монгол нутагтаа очлоо” хэмээн сэтгэлдээ шивнэн байлаа. Удахгүй Москвад буух болно. Алтан соёмбот далбаа намируулсан Монгол нутгийнхаа тасархай Элчин сайдын яамандаа бууна” гэхээс сэтгэл нь тогтож чадахгүй яаран догдолно. Эх оронтой хүн гэдэг очих орон гэртэй хүн л гэсэн үг. Эргээд очиход ээж сайхан. Харьж очиход эх нутаг ээлтэй ажээ. Онгоц хөөрөхөд “Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол орон минь” гэсэн сайхан дуу үг аялгуутайгаа сэтгэлд нь эгшиглэж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗОХИОЛЧ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГИЙН БҮТЭЭЛ

error: Content is protected !!