Цаг үеийн мэдээлэл

Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 8 нас хүрлээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Засаг даргын Тамгын газар”-с Монгол Улсын гурван сая дахь иргэн, Даланзадгад сумын Гуравдугаар сургуулийн 2-р ангийн сурагч Х.Монголжинд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

2015.01.24-ний 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон билээ. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарласан байдаг.

Сонирхуулахад: Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж. Харин 3 сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголжин” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Эх сурвалж: news.zindaa.mn

Цаг үеийн мэдээлэл

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч явсаны улмаас хөлөө хөлдөөсөн байна. Гүн хөлдөлттэй байсан учраас хурууг тавхайн хэсгээр нь тайрах мэс засал хийхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ талаар Urug.mn сайт Түлэнхийн төвөөс дараах сурвалжлагыг авчээ.

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд гар , хөлөө хөлдөөх , хайруулах тохиолдол их гарч байгааг Түлэнхийн төвийн эмч нар онцгойлон анхааруулж байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг захиж байна.

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг: “Энэ жил малд явж байгаад хоёр гарын 8 хурууг хөлдөөсөн тохиолдол гарсан. Өчигдөр л гэхэд гэрт нь хүн байхгүй байхад хүүхэд нь гарч яваад , хөлөө хөлдөөсөн тохиолдол гарсан. Энэ хүүхдийн хувьд бол хөлөө тайруулна. Тавхайн хэсгээрээ 2 хөлөө тайруулахаар байна.”

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг: “Гүн хөлдөлттэй үед гар , хуруу , хөл дандаа тайрагддаг. Хүйтний үед бага насны хүүхдээ анхаараачээ. Хүүхдүүд чинь хөлдөөд байна шүү. Ер нь гар хөлөө хөлдөөсөн 0-16 насны хүүхдүүд жилд 5-7 ирдэг , дээд талдаа 10 болдог тохиолдол байдаг. Гэтэл энэ жилийн хувьд 7 хоногийн дотор 3 хүүхэд ирж байна. Эрсдэл их байна.” гэлээ.

Эх сурвалж: urug.mn

error: Content is protected !!