ЭЕРЭГ МЭДЭЭ

Монголд ганцхан байдаг “Хөдөлмөрийн баатар хосууд”

Өнгөрөгч 1-р сард жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлж буйгаа дэвжээн дээрээсээ мэдэгдсэн.

Жүдогийн аварга, дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль авч байсан түүнийг дэвжээгээ үнсээд босож байх тэр л агшинд олон ч хүн нулимс унагаж “Баярлалаа Цагаанбаатар аа” хэмээн хашхирч байлаа. Жүдогийн дүү нартаа, өнөө цагийн амжилтын эхний жимийг гаргаж цагаан зам татуулсан хүн гэвэл яах аргагүй тэр билээ.

Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болж байлаа.

Түүний хань О.Гүндэгмаа “Бээжин-2008”-аас мөнгөн медаль хүртэж, Монголчууд бидний олимпын аваргатай болох үүдийг нээсэн гавьяатан. Тэд Монголын жүдо бөх, буудлагын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэд.

Тэд Х.Цагаанбаатрыг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн. Ханьдаа зориулан шүлэг хүртэл зохион, үе үе гэнэтийн бэлэг барьдаг романтик Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн. Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрнийх нь хамт мөнхөлжээ.

Улсын аваргад 11 удаа түрүүлж 28 жилийн тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлж байгаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатрынхаа дасгалжуулагчийн зам мөрд өндөр амжилт хүсье.

Гэрийн эзэгтэй болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа нь олимпийн наадамд хамгийн олон удаа өрсөлдсөн Монгол тамирчин юм. Түүний амжилтаас дурьдвал:

Энэ спорттой нөхөрлөсөн учиг нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа аавыгаа дагаж, тухайн үеийн марш тактикийн тэмцээнд явж макаров хэмээх орос буугаар буудаж үзсэн гэсэн. Аав нь түүнд 1992 оны Барселоны олимпод Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хүрэл медаль хүртэж буй тэр торгон агшинг үзүүлсэн аж. Тухайн үеэс л эхэлж О.Гүндэгмаад энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж, буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж, улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож, ирээдүйн тив дэлхийн хүчирхэг тамирчны алдрын зам нь зурайсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд тамирчдын хүсч тэмүүлдэг олимпын их наадамд оролцож, шагналт зургадугаар байрт шалгарсан тэрээр дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор өөртөө хандуулж чадсан юм. Энэ цагаас эхлэн Монголчууд О.Гүндэгмаагүй олимпын наадмыг хараагүй билээ. Мөн 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хүрэл, 2006 оны мөн энэхүү тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, түүнээс хойш Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тооцогддог “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга болсон юм. Атлантидад хамгийн анхны олимпын наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэгэн. Дэлхийн хэдэн арван шилдэг буудлагын тамирчин өрсөлдөж буй олимпын наадамд зургадугаар байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт ч гэлээ тэрээр 2008 оны олимпод бүхий л нөөц бололцоогоо дайчилж, алдрын оргилд гарахыг хичээсэн. Түүний мөрөөдөл ч биеллээ олж, тамирчин бүрийн хүсээд ч олддоггүй тэрхүү олимпын медалийг эх орондоо авчирсан юм.
Мөн 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа болжээ.

Спортын карьер, хувийн амьдрал нь хосолж тэгширсэн ийм сайхан хувь заяа ховор тохиох бизээ. Хоёр “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат тамирчид” маань хамтарч “Хосбаатар” хэмээх санг үүсгэн байгуулсан билээ. Нэг нь жүдогоор, нөгөө нь буудлагын төрөлд дэлхийд гайхуулах амжилт гаргасан хос баатруудынхаа ховор зургуудаас хуваалцая.

Нэмж сонирхуулахад “Гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чадаж байна? Хэр сайн эзэгтэй гэж өөрийгөө дүгнэх вэ? хэмээх асуултанд О.Гүндэгмаа хариулахдаа:

О.Гүндэгмаа: “Яг одоогоор онц гэсэн үнэлгээ авахаар хэмжээнд биш байгаа. Тэр бүр цаг гаргаж чадахгүй байна. Бид бүгдээрээ адилхан зорилготой учраас чи ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байдаггүй. Гэрийнхэн маань ч гэсэн бүгдээрээ спортыг ойлгодог хүмүүс. Ээж маань миний охин бэлтгэлээ л хий гэдэг. Дүү бас охин маань ч маш сайн ойлгодог. Бүгд надад санаа тавьцгаадагт нь баярладаг. Цагаанаа бид хоёрын хувьд адилхан зорилготой учраас бие биенээ маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Миний хувьд Цагаанаа маш их урам зориг бэлэглэж, намайг хурцалж өгдөг. Дандаа л тамирчин байгаад байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа тэмцээн уралдааны зав зайгаар аль болох гэртээ байж, гэрийнхээ бүхий л юманд оролцохыг хүсдэг. Өөрөө ч их дуртай. Жишээлбэл, намар жимс ногоо түүгээд, түүнийгээ даршилж, янз бүрийн хоол, зууш хийх дуртай. Заримдаа өөрийнхөө биеийг долоо, найм хуваачихмаар санагддаг ш дээ/инээв/. Сурах юм маш их байна. Оюутан болчихсон хэрнээ сургуульдаа хараахан явж амжихгүй байна. Өмнө нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо амьдралд хэрэг болох үүднээс эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Биеэ долоо, найм хуваахын шалтаг тэр л дээ. Сургуульдаа сурмаар байдаг, дээрээс нь эмэгтэй хүн, хэсэг хугацааны дараа айл гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй болно. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж сурах зүйл их байна. Юм оёх, хоол ундаа хийх, мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулах гэх мэтээр. Мэдээж энэ бүхнийг тодорхой хэмжээнд хийдэг, чаддаг. Гэхдээ илүү сайн түвшинд төгс эзэмшмээр байна. Яагаад ч юм, заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад, хоол ундыг нь хийж өгөөд, хувцас хунарыг нь оёж өгдөг эзэгтэй нар гоё шүү дээ. Намайг бага байхад ээж маань трико нэхэж, бэлтгэлийн өмд цамц хийж өгдөг байсан. Наян хэдэн онд хоёр тийшээ хардаг бэлтгэлийн хувцас байдаггүй байхад ээж маань тийм хувцас оёж өгдөг байж билээ. Тийм байсан болоод ч тэр үү, сайхан юм оёчихдог, сайхан хоол хийчихдэг болчих юмсан гэж хичээдэг. Спорт гэсээр явтал нэг мэдэхэд амьдрал жирийгээд өнгөрчихөж .” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолыг хоёулаа хүртсэн Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарынхаа амьдралд улам их амжилт болон аз жаргалын дээдийг ерөөе

Эх сурвалж: eguur.mn, wikipedia

Uncategorized

Загдаа эргэн ирсэн нь

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын 2022 оныг үдэх , 2023 оныг угтах шинэ жил эхэллээ. Г.Загдаа: “Хүүхдүүдээ дуудаарай”, “Урт модон сандал байх ёстой доо, тэрийг оруулаад ирээч”, “Хэдүүлээ шинэ жилээ тэмдэглэнэ, бага ч гэсэн баяр баясал авбал гоё шүү” гэж дуугарна. Хүмүүс эрвийх дэрвийхээрээ гүйж, сандал суудал зөөж, хүүхэд багачуудаа цуглуулж байна. ТББ-ын цэцэрлэгийн барилгад гацуур мод засаж, таазнаас мөнгөлөг саа өлгөн чимэглэжээ. Заал дүүрч байх үед “Өвлийн өвгөн ирлээ гэнэ. Гараарай” гэж Г.Загдаагийн эхнэр Г.Амраа хэллээ. Үүд онгойлгохоор нэг нь дэгдэгнэн гүйж, тун удалгүй өвлийн өвгөн цэцэрлэгийн босго алхсанаар шинэ жилийн баярыг авчирлаа. Тэр хүүхдүүдтэй дуу дуулав. Бүжиглэв. Дараа нь бэлэг тараав. “Хэт их чихэр идэж болохгүй шүү. Шүд нь өвдөнө. Гаазтай ундаа бас их ууж болохгүй шүү дээ, тийм ээ?” гэнэ. Хүүхдүүд “Тийм!” гэж хариулна.

Хүүхдүүд “The Hu” хамтлагийн дуун дээр, өөрсдөө дэглэсэн бүжгээ бүжлээ. Г.Загдааг хоригдсоны дараа Багшийн дээдийн нүхэн гарцанд дуу дуулж суусан хос болох Б.Ганчөдөр, Л.Пүрэвсүрэн нар эргэн иржээ. Л.Пүрэвсүрэн дууллаа. Өдөрхөн нь тэдний гэрээр орж, “Та орой дуулна биз дээ?” гэхэд “Дуулна аа” гээд мишээж байв.

“Г.Загдаа суллагджээ” гэсэн мэдээ сенсац дүүрэн л түглээ. Түүнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-ынхаа Г.Халиунаа хэмээх эмэгтэйг хүчирхийлсэн гэж шүүхээс хорих ял оноогоод байв. Дөнгөж хоригдоод удаагүй байхад нь эхнэр Г.Амраатай нь eguur.mn сайт ярилцаж, хэрэг мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй, ТББ-ынх нь хүмүүсийг “Худлаа яриад бай, п**** минь” гэх зэргээр дарамталж, тулган мэдүүлэг авсан тухай нь нийтэлж байжээ.

Одоо Г.Загдаа гүтгүүлсэн тул нэр төрөө сэргээлгэнэ, цагдаад хандана, анх мэдүүлэг өгсөн хүмүүс эхнээсээ мэдүүлгээсээ буцсан хэмээж буй. Гэхдээ энэ удаад тэд Г.Загдаагийн холбогдсон хэрэг, түүний үнэн мөнийн араас мөшгих гэсэнгүй. Хорвоогийн олон алаг зовлонг тэрс балчир насандаа үзэж буй “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг бараадсан 50 хүүхэд шинэ жилээ хэрхэн тэмдэглэх вэ, энд Г.Загдаа ирснээр юу, юу өрнөж байна вэ гэдгийг сурвалжлахаар eguur.mm сайтынхан тэднийхийг зорьсон ажээ.

Эхнэр эзгүй, орой нь шинэ жилтэй тул түүнд бэлдэх, базаах ажил бишгүй. Г.Загдаа охины хамт гэртээ сууж байна. Өмнө нь түүнтэй уулзаж байсангүй. Тэр магадгүй их зөөлөрсөн, эсвэл огт өөрчлөгдөөгүй мэт угтлаа. Түүнийг эргээд ирэхэд ТББ-д нь 132 хүн аж төрж байжээ. Тэдний 50 нь хүүхэд.

Г.Загдаагийн хамт “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаагаар тойрч, айл гэрүүдээр зочилжээ. Хаалга татаад л Г.Загдаа “Гэрээ цэвэрлэсэн үү. Орой шинэ жилтэй, мэдэж байгаа биз” гэж санаа тавих юм. Хүмүүс харин хүндэтгэн хүлээж авна. Л.Пүрэвсүрэнгийнх рүү ороод “Тэр шүүгээгээ буулгаж, оронд нь Жанцааг суулга. Доош суулгаж дэмий, дээшээ сууг” гэх аж. Дараагийн айл руу орвол тав, зургаан настай л болов уу гэмээр охин соёлтой гэгч нь мэндлээд, тавагтай чихэр шүүгээнээс авчраад барилаа. Ойролцоох орон дээр дутуу төрсний улмаас хөгжлийн хоцрогдолтой болсон гэх бяцхан хүү хэвтэнэ. Ээж нь саяхан архины эмчилгээнд явжээ. “Гайгүй юу, одоо” гэвэл охин “Аанхан” гээд тавагтай чихрээ хураав.

Дараагийн айлд орвол хөгжлийн бэрхшээлтэй нэг залуу угтаж байна. “Загдаа даргаа санаж байна уу?” гэхэд тэр “Саналгүй яах вэ. Таныг юу гэж мартах билээ. Таны эхнэр Амрааг, охидыг чинь санаж байна” гээд хөхрөхдөө нүдэнд нь нулимс цийлэгнэж байх юм. “Англи хэлээрээ ярьж сурч байгаа юу” гэж Г.Загдааг асуухад тэр ичингүйрэн инээгээд “Воаав…” гэж дуу алдлаа.

Нөгөө нэг гэрт орвол олон хүүхэд гүйлдэх юм. Нэг нь төрсөн өдрийн баярын малгай өмсжээ. Энэ айл ханандаа үлээдэг бөмбөлгөөр “Happy Birthday” гэсэн бичиг хадсан байна. Нэг бяцхан охин “Өвөө! Өчигдөр миний төрсөн өдөр болсон. Надад эмээ барби бэлэглэсэн” гээд хөөрцөглөв. Г.Загдаа эвийлж, “Ямар гоё малгайтай юм бэ. Ийм гоё хүүхэлдэйтэй болсон юм уу” хэмээн өгүүлнэ.

“Зөв амьдрах ухаан” ТББ доторх амьдрал ийм маягаар өрнөж байна. Г.Загдаа: “Төрийн хийж буй ажил, хувь хүнийх хоёр ийм л ялгаатай байгаа. Тэдний олонх нь 2013 онд, АСЕМ-ын үеэр манайд ирсэн. Хүүхдүүдийн зарим нь асрамжийн газраас оргоод л ирж. Ийм бодит байдлыг би яаж тайлбарлахаа, ер нь юу гэж ярих ухаанаа ер олохгүй байна” гээд санаа алдлаа.

Нэгэнт шинэ жилийн баярыг тохиолдуулж, тэднийд өрнөж буй аз жаргалтай амьдралыг сурвалжилж буй учраас өөр сэдвээр ярихыг голчилсонгүй. Ярьсан ч энд бичсэнгүй. Биднийг угтаж, “гал тогоо”-ны бүхий л ажлыг базах охин нь, эхнэр Г.Амраа нь “Хэрэг төвөг тусдаа шүү дээ, Загдаа. Шалгуулах хүмүүсээ бид шалгуулна, үнэн мөн нь тогтоогдоно. Харин шинэ жилийн сурвалжилга дээр битгий хар бараан юм ярь” гэнэ. Харин Г.Загдаа: “Би гэр бүлийнхнийхээ үгэнд орох ёстой, тэднийгээ хүндэтгэх учиртай. Эдний ярьж буй ч зөв” гээд зарим яриагаа хасахыг, оруулахгүй байхыг, цаг нь болохоор дэлгэрэнгүй өгүүлнэ гэдгээ хэллээ.

Танд хамгийн сайхан дурсамж болж үлдсэн шинэ жил хэзээнийх вэ?

2019 оны арванхоёрдугаар сарын 30. Энэ л хамгийн дурсамжтай шинэ жил. Бид жилийн жилд ресторанд тэмдэглэдэг байсан. Харин тэр удаад төвдөө, хамтдаа хоолоо хийж, хамтдаа дуу бүжгээ бэлдэж, ширээгээ засаж тэмдэглэсэн. Хүмүүс маань төлөвшиж, ухаажиж, нийлж, эв нэгдэлтэй болсон тийм дүр зураг хамгийн сайхан байсан. Манайхан яг л нэг жигдэрч, сайхан болж байсан үе дээ. Харин харамсалтай нь 2020 онд нь “тийм” үйл явдал болсон.

Та хуучин он улиран одохын зааг дээр өөртөө төлөвлөгөө зурдаг уу?

Би, миний эхнэр бол нийгмийн ажилтан. Үүнийг би заяагдмал эрх, үүргээ гэж хардаг. Харанхуй нийгэмд гэрэл гэгээ тусгахын тулд, хүмүүсийг өөрчлөхийн төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Бид хоёрын хувьд өрөөл бусдын амьдрал өөд татагдаж, өөрчлөгдөх шиг сайхан юм байхгүй. Энэ маань л дараа, дараагийн онд хийх ажлуудын төлөвлөгөө, зорилго болох юм даа. Нэг ч гэсэн хүнээ өрх тусгаарлах, өөд татах гээд л.

2023 оны мөрөөдөл?

20-иод жил хийсэн бидний ажлыг одоо төр хийхээр оролдоод л байна. Халамжаас хөдөлмөрт хэмээн зорих болж, энэ зөв. Нийгмийн ядуу хэсгийг бууруулах гэж л бид төдийгөөс өдий хүртэл хичээсэн. Хүний зүрх сэтгэлийг хүчээр өөрчилж болдоггүй. Харин хайр, халамж өөрчилдөг.

Шинэ жилийн баярын өдөр унших хүмүүст хандаж та мэндчилгээ дэвшүүлж болох уу?

О.Дашбалбарын бичиж үлдээсэн “Амьддаа бие биенээ хайрла” гэж сайхан үг бий дээ. Хүн хүнээ хайрлаж байж л нийгэм өөрчлөгдөнө. Ирэх он удаан жилүүдэд Монголын нийгмийн ядуурал буурч, ард түмэн маань сэргэж, сайн сайхан амьдраасай гэж ерөөмөөр байна. Өөрчлөлт гарцаагүй хийгдэх ёстой. Халамжаас хөдөлмөрт шилжих үйл ажиллагаа улам газар авч, энэ чиглэлд төсөвлөсөн мөнгөнүүд угаагддаггүй, хүрэх ёстой газраа хүрдэг, үр дүн нь харагддаг байгаасай. Сайхан юм ярих гэхээр л саар зүйл аманд орж ирээд байх юм. Саар нь багасаж, сайхан нь олшроосой л гэж хэлмээр байна.

Тэр үргэлж л тэрсэлж ирсэн, одоо түүний дотор бугширсан бүр ч олон зүйл байгаа учраас шинэ жилийн тухай ярихдаа бага зэрэг сандарч, санаа зовоод байх шиг. Гэхдээ тэр эхнэртээ, охиндоо “дүрэмдүүлсэн” энгийн л нэг эцэг хүн. Нүд нь уясал, зовнил, энэрэл гурвыг зэрэгцүүлж ширтээд тэр хариулж байна.

Алдаж, онож яваа хүмүүсийн амьдралыг өөд татчих юм сан гэсэн чин эрмэлзэл яг юунаас эхэлсэн юм бэ?

Өргөж авсан аав маань муу эр эмдээ бар шүү гэж захидаг байсан. Эмэгтэй хүнийг ерөөс дээрэлхэж болохгүй гэсэн үгийг ой тойнд маань суулгасан. Характераас минь ширүүн дориун юм харагддаг ч эхнэрээ дээрэлхэж буй эр хүнийг хараад харамсдаг. Хамгаалмаар санагддаг. Их залуугаасаа л гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг зан чанартай байсан. Эндээс л эхэлсэн шиг. Харин яг үндсэн чиглэлийн үйл ажиллагаа маань 2004 оноос эхэлсэн. Хашаандаа ганц гэр бүл аваад л эхэлж байж дээ.

Г.Загдааг гарын уртай хүүхэд байжээ, тэр автомашины гараажийнхаа дээд давхарт бяцхан урлан тохижуулжээ. Хаа нэг уран зураг оролддог нь эндээс харагдана. Мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшсэн мэт зотон дээр ажилласан арга барил нь анхаарал татна. Эхнэртэйгээ хамт суугаа хөргөө тэр аавын хаалга татахаас өмнө эхлүүлжээ. Дуусгаж амжаагүй хувилбар нь тэнд харагдана. Үүнээс гадна душтэй, боловсон бие засах газар барьж эхлээд байснаа ч дуусгаж амжаагүй аж. “Жаахан дулаарахаар хийгээд дуусгачихна аа, асуудалгүй” хэмээлээ

Түүний зурсан зургуудаас

Та түрүүн байгаа газраа гэрэл болж явахыг хүсдэг гэлээ. “Тэнд” ямар гэрэл гэгээ нь болж байв?

Залууст үлгэр дуурайл болохын тулд юмханаар юм хийхийг зааж, тоосгоны үлдэгдэл цуглуулж худгийг нь өргөтгөхөөс эхлээд зүгээр суусангүй. Гавьтай ч юм биш дээ. Аливааг чин сэтгэлээсээ хийх учиртайг бага багаар ч болов зааж, ойлгуулж, үлгэрлэхийг хичээж байлаа. Яривал дэлгэрэнгүй юм их бий. Гэгээлэг сувалжилга дээр чинь эдгээрийг ярьж яах вэ дээ. Эхнэр бие хоёрын насан туршдаа хийх зүйл бол харанхуй нийгэмд гэрэл гэгээ болох юм.

Лайваас таныг ширүүн ааштай, муйхар хүн шигээр ойлгодог ч хувь хүний тань өөдөөс харан сууж байна. Хүмүүст зөвөөр ойлгогдох сон гэсэн шаналал байсан уу?

Надад чинь “Нохой Загдаа” гэж нэр өглөө шүү дээ… Анхнаасаа би хар яр хүн байгаагүй. Бидний ажилд төр оролцсон. Холбогдох шаардлагыг тавих хэрээрээ тэдэнд зуугдсан. Харилцааны доголдолтой асуудлууд үүссэн.

Ардаа хэр санаа зовж байв?

Өглөө босоод нүүрээ угаахдаа л өөрийгөө харж буй. Тэр бүхэн минь бухимдал. Би ер нь ямар хэрэг тариа вэ. Яагаад энд сууж байгаа юм бэ. Тэр хэрээр сэтгэлийн шаналан минь нэмэгдэж байсан. Адаглаад хүнээс 600 мянган төгрөг дээрэмдээд тэнд орсон бол хотойх юм алга. Би гүтгүүлсэн гэж үзэж буй учраас Өршөөлийн тухай хуульд ч хамрагдахыг хүсээгүй. Дэлгэрэнгүйг одоо ярихгүй, цаг хугацааг харзнана.

Та хилс хүрэгт гүтгэгдсэн гэдэг. Үүнийг та үндэслэлтэй тайлбарлаач. Эхнээсээ хүмүүс худал мэдүүлэг өгсөн болж, анхны ярьснаасаа буцсан яваа гэж сонссон?

-/Энэ асуултыг хариултыг бичихгүй орхив. Тэр болсон явдлыг нэр зааж ярилаа. Хууль, шүүхийн процесс эхлэх хүртэл түүнийг энэ талаар төдийлөн ам нээхгүй байхыг гэр бүлийнхэн нь хүсэж байсан юм, Сурв/.

Сайн үйл хийсний минь хариуд хүчирхийлэгч нэр зүүсэн. Дөнгөж хувцсаа солиод гарч ирж байхад л намайг суллалаа гэж сошиалаар нэг сэвсэн. Төрөөс надад зүүсэн пайз энэ. Надад хийсэн хэрэг байхгүй. Асрамжийн газраас оргож ирдэг энэ хүүхдүүд бодит жишээ.

Одоо та лайв хийх тал дээр ямар бодолтой үлдэв?

Үүнийг одоо орхиё. Би эхнэр, хүүхдүүдийнхээ үгэнд орох ёстой. Тэд маань надтай хамт хоригдсон байхгүй юу. Би гэгээлэг зүйл үзүүлж ирсэн, одоо ч үзүүлнэ. Одоо гэхдээ тэдэнтэй тэгж тэмцэлдмээргүй байна. Би шалгуулна, үнэн мөн нь тогтоогдоно.

Нар буухад шинэ жил эхэллээ. Цэцэрлэг дорхноо хүн хөлд дарагдав. Тэнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүдчиж яваа хүмүүсээс эхлээд нүд нь гэрэлтсэн багачууд гүйлдэнэ. Шинэ жилдээ зориулан байдгаа барин гүйж буй тэндэх эмэгтэйчүүд, залуус сэтгэл хөдөлгөнө.

Хоригдохоосоо өмнө байгууллага дээрээ тэмдэглэсэн 2019 оны шинэ жилээ Г.Загдаа хамгийн дурсамжтай хэмээн тодотгож байв. Үүнээсээ хойш анх удаа зохион байгуулж байгаа тул энэ удаагийн шинэ жил ч түүний сэтгэлд жин дарж байгаа нь дамжиггүй. Баярын арга хэмжээ эхлүүт тэр лайв “асаах” товчийг дарлаа. Хүүхдүүд бэлгээ авч, бүжиглэж, дуулж байх хооронд тэр утсаа бариад энгүүхэн л сууна. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын эмэгтэй ичингүйрэн байж тайзан дээр гараад, Б.Сарантуяагийн “Шинэ жилийн шөнө”-ийг дууллаа. Сайхан ч дуулав. Тайзнаас буугаад хэлээ гарган, мөрөө хавчихад нь урам өгөх сөн гэж бодов. Тэр мөчид зураглаач маань түүний мөрөнд хүргээд “Гоё дууллаа, эгч ээ” гэх юм. Багачууд бэлгээ аван баясаж, залуус алга ташин баярлана. Буурлууд хангалуун мишээж, бусад нь гаднаа ил илэрхийлэхгүй ч дотор нь дуу хөгжим бүхий л дурсамжийг аясуулан долгисуулж байгаа нь мэдрэгдэх юм. Шинэ жил дуусаж, цэцэрлэгээс тэд гараад гэр гэрийнхээ үүдийг татахаар гүйлдлээ. Харанхуй нэгэнт нөмөрч, гэр хорооллын утаа хамарт үнэртэж, нүдэнд хүүшилнэ.

Г.Загдаа “Би их олон юм ярьж чадсангүй. Ярих гэхээр л уйлчих гээд байх юм” гэж хэлчхээд “Ах нь амарлаа шүү. Сайхан амраарай” хэмээн биднийг үдээд өрөө рүүгээ орлоо.

Эх сурвалж: eguur.mn

error: Content is protected !!