ГОО БҮСГҮЙЧҮҮД

Р.Анхням: “Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам , бие хаа , байгаа амьдрал ,улс орноо голно”

Жүжигчин Рагчаагийн Анхням өөрийн бодол , сэтгэгдэлээ ийнхүү үлдээжээ: “Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам , бие хаагаа голно. Байгаа амьдрал , улс орноо голно. Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сайн сургахгүй. Монгол хэл сурч яах юм бэ гэх жаахан хүүхдийг олон сонслоо. Бид өөрсдөө ингэж сэтгэж ярьж байгаа болохоор л хүүхдүүд ингэж ярьж байгаа юм.

Манай улсад боловсролын систем тааруухан гэдэг нь үнэн боловч бид өөрсдөө ийм бодолтой байгаа цагт энэ системийг сайжруулахын төлөө тэмцэхгүй,  энэ нь өөрчлөгдөхгүй л дээ. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй  хувийн сургуульд сүйд майд болоод оруулна.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй , өөрийн үндэстнийхээ соёл уламжлал, ухаан, бахархалыг угнаас нь судалж мэдээгүй , ойлгох боломж нь олдоогүй хүмүүс чинь анх хэлд орсон улсынхаа уламжлалыг дагаж хүмүүжилгүй яахав дээ.

Бидэнд ямар ч үндэстний дархлаа байхгүй байна. Тэгсэн хирнээ аман дээрээ айхтар эх орончийг нь яаана. Ямар нэг гадны нөлөөнөөс улс эх орноо хамгаалах гээд цахим сүлжээгээр харааж зүхээд л байх шиг байгаа юм.

Үнэндээ эх орондоо дайсагнаж байгаа хүмүүс нь Монгол хүн өөрөө юм. Бидний буруу хандлага буруу бодол. Гаднаас буу зэвсэг барьж орж ирээд улс гэрээ үймүүлэх гээд байгаа юм байхгүй л дээ. Эх оронч хүн юм бол эх хэлээ, газар нутгаа, соёл заншлаа хамаг бүхнийхээ дээр дээдлэх хэрэгтэй баймаар юмдаа. Гадаад хэл суралгүйл яахав. Тэгэхдээ сурч эхлэх нас гэж байдаг байлгүй дээ. Төрөлх хэлээрээ ярьж , бичиж сураагүй хүн гадаад хэлийг унаган хэл шигээ гарамгай сурвал тэр хүн гадаад хэл сурсан хүн биш харин гадаад хүн л болчих юм шиг санагддаг даа.

Дотоод гоо үзэсгэлэн , гадаад гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүй маань ийнхүү өөрийн бодол , сэтгэгдэлээ үлдээжээ. Та санал нийлж байна уу?

ГОО БҮСГҮЙЧҮҮД

Дэд хурандаа , Хөдөлмөрийн баатар , Гавъяат тамирчин О.Гүндэгмаа

О.Гүндэгмаа нь “Бээжин-2008”-аас мөнгөн медаль хүртэж тухайн жил Монголчууд бидний олимпын аваргатай болох үүдийг нээсэн гавьяатан билээ. Түүний хань бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар билээ. Тэд Монголын жүдо бөх, буудлагын спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэд юм.

Түүний хань болох Х.Цагаанбаатар бол жүдогийн дүү нартаа, өнөө цагийн амжилтын эхний жимийг гаргаж цагаан зам татуулсан эрхэм билээ.

Нэгэн цагт манай жүдо бөхийг дэлхийд тахалж, нүүр царай нь болж явсан Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын багийн цорын ганц медалийг хүртэж, 2009 онд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн анхны жүдоч болж байлаа.

Тэд Х.Цагаанбаатрыг дэлхийн аварга болдог жил анхны хүүгээ өлгийдөн авч, 2013 онд ихэр хүүхэдтэй болж, бүл нэмсэн. Ханьдаа зориулан шүлэг хүртэл зохион, үе үе гэнэтийн бэлэг барьдаг романтик Х.Цагаанбаатар том хүүгийнхээ хөлийн улны мөрийг цээжин дээрээ “Champion” гэдэг үгийн хамт шивүүлсэн. Мөн нуруун дээрээ хоёр ихрийнхээ гарын хээг нэрнийх нь хамт мөнхөлжээ.

Гэрийн эзэгтэй болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа нь олимпийн наадамд хамгийн олон удаа өрсөлдсөн Монгол тамирчин юм. Түүний амжилтаас дурьдвал:

Энэ спорттой нөхөрлөсөн учиг нь ааваас нь эхлэлтэй гэдэг юм билээ. Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа аавыгаа дагаж, тухайн үеийн марш тактикийн тэмцээнд явж макаров хэмээх орос буугаар буудаж үзсэн гэсэн. Аав нь түүнд 1992 оны Барселоны олимпод Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын хүрэл медаль хүртэж буй тэр торгон агшинг үзүүлсэн аж. Тухайн үеэс л эхэлж О.Гүндэгмаад энэ спортоор тууштай хичээллэх бодол төрж, буудлага спортын тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн дариудаа спортын мастер цолны болзол хангаж, улсын удаа дараагийн аварга болон олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцож, ирээдүйн тив дэлхийн хүчирхэг тамирчны алдрын зам нь зурайсан гэлтэй. 23 насандаа буюу 1996 онд тамирчдын хүсч тэмүүлдэг олимпын их наадамд оролцож, шагналт зургадугаар байрт шалгарсан тэрээр дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор өөртөө хандуулж чадсан юм. Энэ цагаас эхлэн Монголчууд О.Гүндэгмаагүй олимпын наадмыг хараагүй билээ. Мөн 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн төрөлд хүрэл, 2006 оны мөн энэхүү тэмцээнд амжилтаа бататгаж чадсан бол 2002, 2006 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, түүнээс хойш Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа тооцогддог “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга болсон юм. Атлантидад хамгийн анхны олимпын наадамдаа оролцсон бол 2000 онд Сиднейн, 2004 онд Афины олимпод мөн л шагналт зургадугаар байрт шалгарч байсан нэгэн. Дэлхийн хэдэн арван шилдэг буудлагын тамирчин өрсөлдөж буй олимпын наадамд зургадугаар байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт ч гэлээ тэрээр 2008 оны олимпод бүхий л нөөц бололцоогоо дайчилж, алдрын оргилд гарахыг хичээсэн. Түүний мөрөөдөл ч биеллээ олж, тамирчин бүрийн хүсээд ч олддоггүй тэрхүү олимпын медалийг эх орондоо авчирсан юм.

Мөн 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа болжээ.

Спортын карьер, хувийн амьдрал нь хосолж тэгширсэн ийм сайхан хувь заяа ховор тохиох бизээ. Хоёр “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат тамирчид” маань хамтарч “Хосбаатар” хэмээх санг үүсгэн байгуулсан билээ. Нэг нь жүдогоор, нөгөө нь буудлагын төрөлд дэлхийд гайхуулах амжилт гаргасан хос баатрууддаа цаашдын хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.

Нэмж сонирхуулахад “Гэр бүлдээ хэр их цаг зарцуулж чадаж байна? Хэр сайн эзэгтэй гэж өөрийгөө дүгнэх вэ? хэмээх асуултанд О.Гүндэгмаа хариулахдаа:

О.Гүндэгмаа: “Яг одоогоор онц гэсэн үнэлгээ авахаар хэмжээнд биш байгаа. Тэр бүр цаг гаргаж чадахгүй байна. Бид бүгдээрээ адилхан зорилготой учраас чи ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байдаггүй. Гэрийнхэн маань ч гэсэн бүгдээрээ спортыг ойлгодог хүмүүс. Ээж маань миний охин бэлтгэлээ л хий гэдэг. Дүү бас охин маань ч маш сайн ойлгодог. Бүгд надад санаа тавьцгаадагт нь баярладаг. Цагаанаа бид хоёрын хувьд адилхан зорилготой учраас бие биенээ маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Миний хувьд Цагаанаа маш их урам зориг бэлэглэж, намайг хурцалж өгдөг. Дандаа л тамирчин байгаад байна гэж байхгүй шүү дээ. Заримдаа тэмцээн уралдааны зав зайгаар аль болох гэртээ байж, гэрийнхээ бүхий л юманд оролцохыг хүсдэг. Өөрөө ч их дуртай. Жишээлбэл, намар жимс ногоо түүгээд, түүнийгээ даршилж, янз бүрийн хоол, зууш хийх дуртай. Заримдаа өөрийнхөө биеийг долоо, найм хуваачихмаар санагддаг ш дээ/инээв/. Сурах юм маш их байна. Оюутан болчихсон хэрнээ сургуульдаа хараахан явж амжихгүй байна. Өмнө нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо амьдралд хэрэг болох үүднээс эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Биеэ долоо, найм хуваахын шалтаг тэр л дээ. Сургуульдаа сурмаар байдаг, дээрээс нь эмэгтэй хүн, хэсэг хугацааны дараа айл гэрийн эзэгтэйн үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй болно. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж сурах зүйл их байна. Юм оёх, хоол ундаа хийх, мөнгө төгрөгөө зөв зохистой зарцуулах гэх мэтээр. Мэдээж энэ бүхнийг тодорхой хэмжээнд хийдэг, чаддаг. Гэхдээ илүү сайн түвшинд төгс эзэмшмээр байна. Яагаад ч юм, заримдаа гэртээ байгаа эмэгтэйчүүдийг харахаар гоё байдаг. Хүүхдээ асраад, хоол ундыг нь хийж өгөөд, хувцас хунарыг нь оёж өгдөг эзэгтэй нар гоё шүү дээ. Намайг бага байхад ээж маань трико нэхэж, бэлтгэлийн өмд цамц хийж өгдөг байсан. Наян хэдэн онд хоёр тийшээ хардаг бэлтгэлийн хувцас байдаггүй байхад ээж маань тийм хувцас оёж өгдөг байж билээ. Тийм байсан болоод ч тэр үү, сайхан юм оёчихдог, сайхан хоол хийчихдэг болчих юмсан гэж хичээдэг. Спорт гэсээр явтал нэг мэдэхэд амьдрал жирийгээд өнгөрчихөж .” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй цолыг хоёулаа хүртсэн Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарынхаа амьдралд улам их амжилт болон аз жаргалын дээдийг ерөөе

Эх сурвалж: eguur.mn, wikipedia

error: Content is protected !!